Pages

Sunday, April 29, 2012

Амьдрал зөвхөн усан дээр тогтдог болохыг сана

“НИЙГЭМ, УЛС ТӨР ДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮҮРЭГ” сэдэвт үндэсний илтгэлийн уралдаанд:

“ДУСАЛ УСЫГ БИ, ТАНЫ МАРГААШИЙН ТӨЛӨӨ ХЭМНЭЕ”

Та усыг хэмнэх тухайд өдөрт хэдэн удаа боддог вэ?

Харин би энэ талаар өдөрт гурван удаа боддог гэхдээ бодох бүрийдээ усыг хэмнэж хэрэгжүүлэхийг хичээдэг.

“Бидний хэдэн Монголчууд бие баран одохоосоо өмнө

Биеийн үргэлжлэл үр хойчдоо сайныг тарьвал нэн сайн...” \П.Анхтуяа\

Энэ сургаал үг миний ярих сэдвийн гол утга нь байгаасай гэж би Монголын их ноён хутагт Данзанравжаагийн айлдсан

“Булт олон хүмүүн хагацаад одохоосоо өмнө

Булингарт муу үгсийг цөөтгөж чадваас нэн сайн... “ гэсэн сургаал үгээр өнөө цагийн нөхцөл байдалд тохируулан илтгэхийг хүссэн юм.

Үнэхээр дээрх суут хүмүүний хэлсэнчлэн “Үг” гэдэг хоёрхон үсгээс бүтсэн хэрнээ хүнийг алж ч бас аварч ч чаддаг ид шидтэй. Үүнийг бид зөв хэрэглэж заншваас Хүний амьд оршихуйн их сэтгэл, оюуныг тэжээгч эрчим билээ.

Харин үүнтэй нэгэн адил хоёрхон үсгээс бүтсэн хэрнээ бас хүний амьд оршихуйн их бие мах бодийг тэжээх эрчим бүхий “Ус”-ны үнэ цэнийг мэдрэх, түүнийг ариг гамтай хэрэглэх, хэмнэх талаар өөрийн сэтгэлийн эмзэглэлээ, саналаа хуваалцаж байгаадаа баяртай байна.

Хүн гэдэг бие биедээ харилцан хамааралтайгаар хүний нийгмийг үүсгэдэг.

Би танд харилцан хамааралтайн улмаас таны маргаашийн амьд явах эрхийг хүндэтгэж өнөөдөр өөрийн усны хэрэглээгээ хязгаарлаж байгаа юм.

Та бид 2016 онд ундны усны нөөц шавхагдана гэдэг НҮБ-ын судалгааг хоёр жилийн өмнөөс сонсож айдас түгшүүр зэрэгцэж байгаа ч мэргэжлийн хүмүүсийн үгүйсгэлд итгэсэн үү ямартай ч одоохондоо нам жим байна. Гэхдээ мэргэжлийн хүмүүс манай улсын иргэн нэг бүр усыг ариг гамтай хэрэглэж, хэмнээсэй, усны үнэ цэнийг мэдрээсэй гэж захиж сургаж байгаа нь дээрх мэдээг сануулсаар л...

Нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын иргэд 1 литр усыг 1 төгрөгөөр худалдан авдаг байхад харин орон сууцны оршин суугчид 1 литр усыг 25 хан мөнгөөр худалдан авдаг байна. Гэтэл Европын Холбооны орнуудад 1 литр усанд 2850 төгрөг, АНУ болон манай урд хөрш БНХАУ-д 1 литр усанд 700 төгрөг зарцуулдаг ажээ. Эндээс харахад бид усны үнэ цэнийг хамгийн ихээр мэдэрдэггүй улс юм байна. Уг нь манай улс нэн ядуу, усны нөөцтэй 22 улс орны нэг нь юм билээ.

Дэлхийн ундны усны нөөц 2025 онд харин Ази тивийн ундын усны нөөц 2018 онд шавхагдана гэсэн эрдэмтэн судлаачдын судалгаа байдаг. Ази тивд дэлхийн хүн мамын 60 хувь нь амьдардаг төдийгүй тэдгээрийн усны хэрэглээ өндөр гэнэ. Яагаад гэвэл газар тариаланг ихээр эрхэлдэг байна.

Ингээд бодохоор бид тун удахгүй ундны усаа гаднаас худалдан авах цаг мөч ойртсоор...Бензин, нефьтийн хараат байдал ийнхүү уух усанд минь нүүрлээсэй гэж уг нь хэн ч хүсэхгүй л байгаа л даа. Хэдий энэ муу үг ч гэлээ бид өнөөдөр бодит байдлыг ухамсарлаж яг одооноос ундны усны нөөцийг хадгалах улмаар нэмэгдүүлэхийн төлөө өөрсдөөсөө эхлэн хэрэглээгээ хянаж, бас хэмнэх талаар сэтгэл зовниж, ажил болгон хэрэгжүүлэх хэрэгтэй.

Өнөөдөр гэр хорооллын нэг иргэн өдөрт 4-8 хан литр ус, харин орон сууцны оршин суугч иргэн нэг бүр өдөрт 230-350 литр ус хэрэглдэг гэсэн тоон судалгаа байдаг. Ямар их зөрүүтэй тоо, ямар их зөрөөтэй хэрэглээ вэ?

Яагаад орон сууцны иргэн нэг бүр өдөрт 100 литр ус хэрэглэж болохгүй гэж, гэр хорооллын иргэний долоо хоногийн усны хэрэглээ 56 литр гэж бодоход 100 литр гэдэг чинь түүнээс бараг 2 дахин их шүү дээ. Ер нь орон сууцны иргэдийн усны өдөр тутмын хэрэглээнийн 70 хувь нь үр ашиггүй зарцуулагддаг гэдэг мэргэжлийн байгууллагын судалгаа байдаг.

Тиймээс бид усны хэрэглээний үр ашиггүй буруу дадлыг арилгаж, усыг илүү хэмнэхийг хичээх мөн орон сууцны иргэдийн хэрэглэсэн бохир усны урсацыг гаднах зүлгэн талбай, ногоон байгууламж, мод бутыг усалхад зориулах зэргээр усны зөв, оновчтой бодлого, менежментийг яаралтай боловсруулж, авч хэрэгжүүлэх, бодитой ажил болгоход эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо их байна.

Хүний биеийн жингийн хувийн 70-80 хувийг ус бүрдүүлдэг гэдэг. Энэ усаа бага багаар алдахад л бид амьд явах эрхээ алдаж байна гэсэн үг. Тиймээс бид маргаашийн үр хүүхдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хүндэтгэж өнөөдрөөс өөрийн орчин тойрондоо усны үнэ цэнийг мэдрүүлэх, түүний ач тусыг ойлгуулах, сэтгэл зүрхээрээ усыг хайрлан гамнах сэтгэлийг бид уриалан үлгэрлүүлэн эхлүүлээсэй гэж хүсч байна.

Хувьдаа би өөрийн үс угаах усны 3 өдрийн хэрэглээг хэмнэж эхлээд байгаа. Нэг угаалтад 5 литр ус хэрэглэнэ гэж тооцвол долоо хоногийн 3 өдөр нь 15 литр ус болох юм. Үүнийг сараар хэмнэхэд 60 литр ус, улирлаар хэмнэхэд 180 литр ус, харин жилээр хэмнэхэд 2160 литр буюу 2,1 тнн усыг би хэмнэнэ. Зөвхөн энэ үс угаах усны хэмнэлтийг 500 эмэгтэй хэрэгжүүлэхэд жилд 1.080.000 литр буюу 1 сая тнн усыг хэмнэх болно.

Мөн бид ундны усыг нэмэгдүүлэхийн тулд ойг нөхөн сэргээхэд хувь нэмэр оруулж модыг асар ихээр тарьж ургуулах хэрэгтэй байна.

Тийм ээ бид усыг “Шингэн алт”, “Чандмань эрдэнэ” гэж өргөмжилж, “Амьдрал усан дээр тогтдог” гэж ярьцгаадаг. Одоо үүнийгээ бодит ажил болгон, бодит хэрэглээ болгон үнэлэхийг эмэгтэйчүүд бид үр хүүхэддээ үлгэрлэх хэрэгтэй байна.

Ээжүүдээр, эхчүүдээр дамжууулан ундны усыг хэмнэх, зөв хэрэглээг дадал болгон хэвшүүлэх нь эмэгтэйчүүд бидний нийгэм, улс төр оршин тогтноход, цаашлаад үндэсний аюулгүй байдал бат бэх оршиход оруулах хамгийн энгийн хялбар хэрнээ хамгийн энэрэнгүй, хамгийн чухал оролцоо байх болно.

Тийм ээ бид усгүйгээр 3 хоногоос илүү амьд явж чадахгүй. Харин уул уурхайгүйгээр, гоё ганган барилга, тансаг жийп машингүйгээр бид урт удаан амьдарч болно, бас амьдарч чадна.

Юун брэнд, юун алт вэ?

Дусал усыг би таны маргаашийн төлөө хэмнэе.

“Бидний хэдэн Монголчууд бие баран одохоосоо өмнө

Биеийн үргэлжлэл үр хойчдоо сайныг тарьвал нэн сайн “ ...

2012.04.22-ны өдөр

ЭДЛЭХИЙГ ХҮСДЭГГҮЙ ЭРХИЙН ТАНЬ ТӨЛӨӨ ҮГЭЭ ХЭЛЬЕ

Монголчууд хүнсний аюулгүй хэрэглээгээ хэнд найдан даатгадаг вэ?

Миний хувьд зөвхөн өөртөө л найдах ёстой байдаг. Мэдээж өрх бүлүүд эмэгтэйчүүдэд л найддаг.

Хүүхнүүд ер нь үр хүүхэд, ар гэр аав ээжийнхээ хүнсний аюулгүй байдлын арын албыг гүйцэтгэдэг эрүүл ахуйн шинжээчид.

Сүүлийн үед миний бие ундын болон ахуйн хэрэглээний усандаа сэтгэл нэлээн эргэлзээд байх боллоо. Тэр дундаа урь орж дулаан цаг ирж байгаа болоод ч тэр үү цас ханзрангуут л элдвийн хог нисэлдэж, энд тэндгүй хөөрөхөд урам ихээр хугарах юм. Бидний ундны усны 80 хувь нь газрын гүнээс ашиглагддаг байтал энэ их хогонцорууд хөрсийг гол усыг минь бохирдуулсаар хогон гол урсгадаг болохоор тэр байх.

Уг нь эцэг өвгөд маань эрт үеэс л “Ус бол чандмань эрднэ” , “Унасан газар, угаасан ус минь” хэмээн усаа эрхэмлэн дээдэлж, хайрлан хамгаалсаар өнөөгийн Та бидэнд өвлүүлэн үлдээсэн.

Ус гэдэг яахын аргагүй амьдралыг тэтгэгч ариун рашаан бөгөөд юагаарч орлуулашгүй бас нөхөн сэргээгддэггүй байгалийн баялаг юм. Тийм ээ бидний амьдралыг усгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өглөө босоод бид амаа угаахаас эхлээд л ус цаг тутамд хэрэглэгдэнэ. Угаалгын өрөө орлоо гараа угаана, бие заслаа усаа татна гээд эрүүл байх бүхий л орчин устай холбогддог. Монголчууд булаг шанд, гол мөрөнг хамгаалах талаар уламжлалт олон хорио цээр, дэг ёсон бий. Үүнийг нурших нь илүүц биз. Учир нь бид хэрэгжүүлдэггүй л болохоос маш сайн мэддэг юм билээ.

Саяхан нэг сэтгэл урагдам шүлгийн мөрүүдийг уншлаа...

...Туул Орхон Сэлэнгийн бохир тээсэн мөрнүүд

Тунгалагаа алдсан алт угаасан уснууд

Таац Онги Түйн тасарч зовсон голууд

Дахиад амилж чадахгүй талын жижиг нуурууд

Энэ бол Миний Монголын байгаль

Эзэн хайрлаагүй хаягдал гайхлууд

Алсдаа тэгээд цөлжих өнөө бидний өлгий

Аврах эзэн үгүй бол аалз мэрэх “гөөхий” ...гэж Хэдийгээр энэ нь билиггүй доромж үг мэт боловч биднийг сэхээрүүлэн сэнхрүүлэх гэсэн Монгол цустны өвдсөн сэтгэлийн илрэл буюу энэ цагийн бодит дүр болой. Нийслэлчүүд бид усны эх үүсвэр болсон “Хатан Туул”-аа хэд тасран татарсан “Хатсан Туул” болгоод зогсохгүй бүүр дээд зэргийн бохирдолтой голоор өргөмжлүүлээд авсан. Туул гол нь Лүн гол, Орхон голд нийлсээр Дэлхийн цэнгэг усны нөөц бүхий Байгаль далайд цутгадаг. Гэхдээ тэрээр цэвэршиж чадалгүй он удаан жил цутгасаар байгаа нь Монгол улс Олон улсын шүүхэд дуудагдаж болзошгүй талаар мэргэжлийн хүмүүс ам дамжин ярьсаар магадгүй маргааш бидний хүүхдүүд дэлхийн Хүн төрөлхтний цэнгэг усыг бохирдуулсан гэмтэн болоход үгүй гэх аргаүй болжээ.

Манай улсын нийт хүн амын 60-аад хувь нь амьдардаг Улаанбаатарчууд эрүүл ахуйн шаардлага хангасан баталгаат ундны усаар хангагдаж чадахгүй байгааг тус салбарын яамны Усны Үндэсний Хороо тайландаа бичсэн байдаг. Мөн бараг хагас жилийн өмнө л нийслэлийнхний ундны усан дах ураны агууламж өндөр гарсан гэх мэдээ мэдээлэл ч тэнүүчилсээр л...Уул шагамандаа Монгол Улсын иргэн “эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж төрөлх улс маань хуулиндаа заагаад өгсийн билээ. Төр нь бодлогоороо, иргэн нь ухамсраараа харилцан улс орны эрх ашиг, аюулгүй байдлын төлөө цэгцтэй бодлоготой, гарсан хууль дүрмээ хүндэтгэн сахих нь хувь хүн бүрийн үүрэг.

Гэтэл хүн хүнтэйгээ ажиллаагүй цагт хүн өөрөө өөрийгөө шамдуулахгүй, нийгэм хүнээ өөрчлөөгүй цагт ямар ч аварга хууль гараад нэмэргүй гэдэг нь л энэ болов уу.

Ямартай ч хүний эрхийг дээдлэгч Ардчилсан эмэгтэйчүүд бид иргэдийнхээ энрхий үрсийнхээ “эрүүл аюулгүй амьдрах” цаасан дээр хараар тодхон бичсэн тэр эдлэхийг хүсдэггүй эрхийг нь хангахын тулд Монгол хүний байгаль эх, нутаг усаа шүтэн хайрлах уламжлалт зан үйлийг

өөрсдийн оролцоогоор манлайлан дэмжиж санал бодлоо намынхаа мөрийн хөтөлбөрт тусгуулах, нийгэм эдийн засгийн цогц бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх арга зам, гарцыг яаралтай хайх нь улс төрч эмэгтэйчүүдийн эн тэргүүний үүрэг гэж ойлгодог. Яагаад гэхээр эх хүн гэдэг өөрөө хүний нийгмийг бүтээж, хүнийг агуулан ургуулдаг эрхэм үүрэгтэй хүмүүс. Сав ертөнц, шимт байгаль, шинэ Монголынхоо жинхэнэ эзэн нь байх үүргээ нэхэн санацгаая. “Бидний маргааш өнөөдрөөс илүү” гэж Ардчилсан ерөнхийлөгчийн хэлснийг ухан “Алс хэтийн зорилготой, Алсын хараатай бодлогоор” илүү хурдтай урагшилцгаая. Зорилготой хүн мөнгөтэй хүнээс давуу гэдэг болохоор бидэнд тулгамдсан олон олон асуудлыг шийдэх хүсэл хүч, зориг зорилго, сэтгэл итгэл, санал санаачилга байна.

Хүнгүй нийгэм, иргэнгүй улс орон гэж үгүй ээ. Эрүүл иргэнээс боловсролтой бас ажилтай арчаатай, ашиг орлоготой, авхаалж самбаатай иргэн буй болно. Эрүүл аюулгүй, айдасгүй нийгмийг цогцлоох болно. Ирээдүйн иргэнлэг, хүмүүнлэг Монголын төлөө би бас Та сэтгэлийн бохирдолттой нүүр тулж, “Таны

1. Газар эх, хэвлийгээ ухан онгичихгүй байх

2. Гаднаа ил задгай хог хаяхгүй байх

3. Гол усандаа машин, элдэв зүйлсийг угаахгүй байхыг “Хүсэх” оролцоо чухал байна.

Хүүхнүүд ээ, ээжүүд ээ, уран нарийн ухаан, уян хатан бодлогоо нэгтгэн хамтын хүчинд нэгдэцгээе.

Tuesday, March 13, 2012

Дотоод сэтгэлийн гэгээн хуудсууд


БУРХАНЛИГ ГЭГЭЭНТЭЙ НӨГЧСӨНДӨӨ БИ ҮНЭТЭЙ

Хаврын хавсарга намайг тоож

Хацар алгадан салхи нүднэ

Би баярлана

Би баярлахдаа

Дайран өнгөрөх салхин тоосыг

Даах сэтгэлийн борогшуу нь тэр

Салхи баярлана

Зуны халуун намайг тоож

Зулай төөнөн дээрээс жигнэнэ

Би баярлана

Би баярлахдаа

Жигнэн өнгөрөх зуны халуууныг

Жин даах тэвчээр нь тэр

Нар баярлана

Намрын бороо намайг тоож

Намирсан бас ширүүн бороо шаагина

Би баярлана

Би баярлахдаа

Шаагин өнгөрөх ширүүн бороог

Шазуур зуух тэнхээ нь тэр

Бороо баярлана

Өвлийн цасан намайг тоож

Өд мэт хөнгөхөн ч хоромхонд шуурна

Би баярлана

Би баярлахдаа

Шууран өнгөрөх хар хүйтэнг

Шуун үдэх ухаан нь тэр

Өвөл баярлана

Хүний заяатай ч муу санаатны

Хүсэл нь мохоо, хүйтэн үгсээс

Үхэл хүртэл дайжин зугтаж

Үнэн,гэгээнд шүтэн тэмүүлнэ

Би баярлана

Би баярлахдаа

Хийх үйлс, хэлэх үг

Бодох бодол, барих ухаан

Харах харц, хайрлах сэтгэл нь

Далай мэт гүн, цагаан бүхнийг

Үхэл тоох болохоор

Үхэл минь би чамдаа баярлалаа

Зориг, золбоонд минь чи дурлажээ

Үхэл минь би чамдаа баярлалаа

Бурханлиг гэгээнтэй нөгчсөндөө би үнэтэй


ЧАМААСАА УРВАЖ ҮЛ ЧАДНА ИХ ХАЙР МИНЬ...


Өөрөөсөө би урваж үл чадна эх хэл минь

Өрөөлийг сайхан хэмээн шуналтваас, үгс надаас зугтаж

Баян яруу аялгуу дундарч, бусдын соёл надаар даажигнана

Баян ядуу гэлтгүй доог тохуунд өртөж, барууныхан дамшиглана

Би би –гээрээ байж бүсгүйн хөгөөр

Баялаг номын өргөөнөө сэтгэлийн ураа нэмэрлэмүй

Чамаасаа би урваж үл чадна Их хайр минь

Чацархаг гээд хэн нэгэнд дурлаваас, үнэн надаас гутаж

Чин хайрын хөг солгойрч, дурлалын бурхан надаар даажигнана

Чимээгүйхэн бас чимэггүйхэн ёжлуулж ёс бус егөөнд нудруулна

Би би-гээрээ байж, чиний хөгөөр

Чинээлэг дурлалын өргөөнөө ухааны ураа нэмэрлэмүй


БАРДАМХАН СЭТГЭЛИЙН БАДАГ МӨРҮҮД МИНЬ...

Үнэнг надтай л хамт хайж

Үхлийг надтай л хамт угтах

Энэхэн орчлонгийн нэгээхэн давалгааны

Итгэл найдвар минь, инээд баясал минь, яруу үгс минь

Зүдрэлийг надтай л хамт туулж

Зүхлийг надтай л хамт мохоосон

Эгэл бор заяаны ихэмсэг ухааны

Эрч хүч минь, эвхрэшгүй тэвчээр минь, эвлэг шүлэг минь

Дундуурыг надтай л хамт дүүргэж

Доройг надтай л хамт сэргээсэн

Их омогшлын эрэлхэг зоригийн

Бадамласан зул, Бардамхан сэтгэлийн бадаг мөрүүд минь

Monday, March 12, 2012

ЯРУУ НАЙРГИЙН ГЭГЭЭН ХУУДСУУД...

Чимхийн төдий орчлон байсан ч яахав чиний л төлөө....


Асгарсан их хайраараа зам мөрийг тань тэгшилье
Амилсан их халамжаараа заяа буяныг тань даая
Энэрэх гэгээн сэтгэлээ нар шиг өнөд мандааж
Энхрий хэдэн үрсэд тань насны ерөөл хураая
Минийх гэсэн бүхнийг тань өр зүрхэндээ тээж
Мэндийн хадган ёсоор үүрд дээдлэн анирдая
Учрахын хувьтай төрснөө хишиг хэмээн баясаж
Уулзахын тавилантай өдрөө аз хэмээн бахдаж
Амталж шунасан жаргалаа төгс хэмээн шүтэж
Амраг чинийхээ л төлөө бүүвэй өргөн аргадъя
Амсхийх чөлөөг огоорон анхных болгон өнгөлье
Ай миний бодол амраасан хайр минь...




Хань минь

Өглөөд чи надтай л хамт нарыг угтаж
Өдөрт чи надтай л хамт инээн ярилцдаг
Үдэш чи духыг минь үнэрлээд
Үүл аргадах мэт аяархан тэмтэрээд
Хайр минь чи бодолд минь хаан адил залрах юм
Хүүд минь чи аавын хайр харцаараа өгөөд
Хүний тавилангийн эрээн барааныг ярилцаад
Хүслээрээ би эжий тань болж эхийн хайр бялхааж
Хүүхдээрээ болж хааяаахан чамдаа тунирхаад
Хань минь чи ухаанд минь аав адил хүндлэгдэх юм
Хүүхэн хонгор бие минь ирвэгнэнхэн тэчъяадаад
Хүний царайлаг хүү харийн болж харагдаад
Цээжнээ лугших алимхан чиний л биенд шүргэх гээд
Цэвэр даруу ааль эр нөхрөө санаглзаад
Хань минь чи хайрынхаа хаан нь юм даа








Friday, November 18, 2011

ДЭЛХИЙН БРЭНД МОНГОЛ \ЦУВРАЛ\

Дэлхийн Брэнд Монгол цувралаас...


Утаа татуулан давхих гялтагнасан хар өнгийн сүрлэг LX570 хэний уяанаас сугарав гэлтэй өндөр хурдаар өөртэйгээ уралдан нүдний өмнүүр зураг жирилзихүйеэ адил өнгөрнө. Тав тух тансаг хэрэглээг дээд зэргээр бодолцсон агуу хүний ухааныг магтан дуулмаараа... Даанч түүнийг явахад зориулсан тусгайлсан зам барих бүр нь бөөн мөнгөний үрлэг, бас бөөн тендэрийн зарга...
Харин тоос татуулан хөлийн хурдаар газрын бярыг танин давхих Монгол морины чадал, самсаа шархирам адгуусын ухаан араатан гэлтгүй маниас илүүтэй үзэгдэж, сэтгэл нуурлуулж, нүд баясгаана. Гийнгоолох бяцхан хүүгийн аялгуунд адгуусан уярахын, урам арганд хүчээ мэдэн хурдлахын утга нь өөрөө Монгол брэнд.
Жинхэнэ монгол эр хүн жороо борлогоо унаад, уяхан замбтивээрээ уул талаа уяраан, хээрийн салхи амтлан, хэцийн ногоог үнэрлэнхэн, хараа гүйцэмгүй хязгаарыг үл гүйцэхийн саадгүй, хөх тэнгэрийн хаяа хүрэх мэт уулсын дээгүүр нисэхүйеэ исгэрэн сэтгэл тэнүүн огших нь өөрөө Дэлхийн брэнд "Монгол МОРИНЫ ЧАДАЛ, АВЪЯАС БӨЛГӨӨ"....

ДЭЛХИЙН БРЭНД МОНГОЛ

Эзэнгүй атлаа эзэнтэй Монголын газар шороо .... Дэлхийн брэнд

Saturday, November 5, 2011

ХӨХ ТЭНГЭРИЙНХЭЭ ДОР БИ ....


СЭТГЭЛИЙН ТОРГОН МӨЧ
ФОТОГ П.АНХТУЯА


ЭНЭ ШУВУУ УУ НАДАД АТААРХААД ХЭН НЭГЭНТЭЙ БОЛЗСОН ЮМ ШИГ ЭЭ...









ХӨХ ТЭНГЭРИЙГ БИ ЦОО ШИРТЭВ...
ХАЙРТАЙ ОХИНОО ЭВИЙЛЖ
ЦЭЛМЭНХЭН ЦЭЛИЙНЭ...
БИ АЗТАЙ.....ШИГЭЭ....БАС ЖАРГАЛТАЙ.

Thursday, November 3, 2011

ДЭЛХИЙН "БРЭНД" МОНГОЛ

Энэ бидний амьдралын өдөр тутамдаа хийдэг ажлын "гавъяа"..
"Арьсаа брэндээр хучаад
Ачир дээрээ хогон дотроо" л тарвалзанхан байна, ухаалаг сонголт шүү.

...Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр л нэг амьдрах юмсан Монголчууд аа!
Блогоор минь зочилсан та бүхэндээ баярлалаа. Орчин цагийн хөгжлийг дагаад бид санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх бас хэн нэгнээ нээлттэй сонсох техникийн эрин зуунд хэтэрч мэдэх сөрөг мэдээллийн дарамтад амьдарсаар байна. Гэхдээ хэн юу сонсох, юу үзэх нь таны дур мэт боловч өөрийн эрхгүй нүд, сонор чангаах мэдээллийн хүчирхийлэл байх.
Би энд олныг нуршихын учир нь араатнаас ухаан сэтгэхүйгээрээ ангид "Хүн" гэгч жинхэнэ утгаараа аливаа зүйлийн хэм хэмнэлийг тааруулж, жингийн туухайг тэнцүүлдэг байхыг хүсэхийн дээр туйлширлаас өөрийгөө, нийгмээ, улс орноо аврахын утгыг эрэлхийлсэн болой.
Өчүүхэн би вээр мунхаглан бодохдоо
өмхий нэгэн шарилж төдий ургамал, өнгөлөг цэцэгс аль эсвээс монголчуудын соёлт иргэншилд хөл нийлэхийн үнэ цэнэ бүхий сарнай цэцэг ч өөрийн өнгө төрхтэй байдгаас бид ангилан ялгаж чадаад байгаам. Үгүй аваас бид шарилжийг ч гэлээ гялгар цаасанд цэцэглэн баглаад өгөх л байсан. Үүнтэй нэгэн адилаар "Монгол хүн" жинхэнэ монгол хөрсөндөө монгол агаар, монгол нар хураа хэрэглэн, монгол дүр төрхөөрөө ургаж гэмээн Дэлхийн брэнд улс байхсан. Өнөөдөр бид өөрсдийгөө Эзэн Чингисийн үр сад гэх боловч хаана байнаа тэр удамшсан өв соёл, уламжилсан үүх түүх нь... осолдохгүй Монгол эх орондоо төрсөн нь үнэн. Ёстой нөгөө "Хүний мөр" кинон дээр Чимэд багшийн хэлдэгчлэн "Чиний төрсөн чинь үнэн, үхэх чинь үнэн" гэдэг шиг л маргаашийг харах сөхөөгүй амин хувиа хичээн араатан сэрэхүйд хөрвөн, монгол хүний хаа ч дасан зохицохын чадварыг өндрөөр харуулах авч, эгээ тэр байгалиа харин хамгаалж бус бусниулж байгаа нь бүр араатнаас ч дор юм шигээ. Тэгээд харийн соёл иргэншлийг тахин шүтэх нь өөрийнхөө угсаа гарал, удам угшлаа мэдэхгүй, өөрөө өөрийгөө үнэлэхгүй, овгоо мэдрэхгүйн хар гай гэлтэй. Сүүлийн үед залуус "Брэнд"-ээр өвчилж, түүнийг анагаахын тулд хэсэг бусаг нь олзны мангаа ажлуулан хуурамч шошгоор элэг нэгтнээ малласаар л зарим хэсэг нь эрх хүүхдийнхээ буруу занд бугуйдуулан олсон хэдээ үрсээр, нөгөө хэсэг нь хийх ажилгүйдээ хэрэн тэнэж доллар еврог баруун солгойгүй цацаад л харийн гүрний мөнгөний авдрыг "ядуу" монголчууд дүүргээд байдгийн биш үү. Би л хувьдаа өөрийгөө ядуу Монголд ядуу амьдарч байна гэж боддоггүй. Юу хийж, яаж амьдрах, амьдралын ямар зорилготойгоо ч мэдэхгүй өнгөний сайхнаар дэр нэгтгэсэн нэгэн эрэгтэй эмэгтэйн эмх цэгцгүй энд тэнд тэмтчин яваа өрх бүлд өөрийнхөө л ухаанаар амьдралыг таньж, сайн сайхныг бэдрэн хайх гэнэн охин шиг л санагддаг. Яг л шалбааган дунд ургадаг Бадамлянхуа цэцэг шиг хаана ургасан байх нь чухал биш чухам л үндэслээд ургах нь л чухал тийм үнэнчээр өөрийгөө эрэлхийлэн амьдардаг. Бас угсаа гарлаа сайн мэднэ. Үүх түүхээ ч судлан байгаа. Харин үеийнхэн маань, хүүхэд залуус маань над шиг Монгол монголоороо байхын утгыг ухаж, Дэлхийг тамгалсан Чингис өвөөгийнхөө тэр амьдралын үнэн мөнийг үнэ цэнэтэй бас өнө мөнх оршоохын тулд унаж төрсөн Эх орноо илүү хайрлаж, тэр хөрсний шарилж ч бай сарнай ч бай хамаагүй өөрийн гэсэн өнгө төрхийг шингээгээсэй гэж хүсдэг. Хулхи сарнай байснаас шийртэйхэн шарилж байх нь гэмгүй л.
Монгол улсын бодлого энэ чигт хандаасай. Ажил хэрэг болоосой. Хүн бүр Монголоо гэсэн чигч шулуун бодол, чин зүрх сэтгэлээрээ угсаа гарлаа авраасай гэж чилж байна би.
Үгүй аваас ... салхи дагагч хамхуул адил байр суурьгүй, овог үндэсгүй, эрлийзжэн хүрлүүзжихийн дээр унаган байгаль минь сэтгэл даган цөлжсөөр байна. Томчууд нь гадны брэндээр уралдаж, дундчууд нь хоосон хонох шахан хүүхдүүддээ дөнгөлүүлж, дордчууд нь "брэнд" нэртэй хуурамч шошгонд сэтгэлээ зогоон амьдрах бид яасан өрөвдөлтэй вэ. Монголын баячууд гэгчид сонсоосой, уншаасай, ухаан санаагаа өрөвч, тэтгэлгийн зүгт, нийгмийн хөгжлийн чигт хандуулаасай. "Эрдэмтэй хүн даруу, Их мөрөн дөлгөөн" гэсэн үнэн сургаалыг сэтгэлийнхээ чихэнд зурагдсан пянз шиг давтаасай билээ. Бид улсыг нь биш хүнийг нь шүтэж, ухааныг нь, үнэн үйлдлийг нь дагахсан. Тэр Америкийн одууд хэд хэдэн сая доллараар нь манайх шиг орны бяцхан хүүхдүүдийн ирээдүйд халуун сэтгэл тусламжийн гараа сунгаж байхад манайхны цээж баячууд авгай хүүхдийнхээ өмсдөг дотоожоор уралдаж байх ч гэж. Энэ чинь эмгэнэл шүү дээ. Биднийг ямар тэр брэнд гэгч чинь хөгжүүлж, биднийг ямар тэр брэнд гуай хооллож ундлах юм уу тэгээд бас Үхлийг чинь брэндээр хахуульдаж, өвчнийг брэндээр эдгээх үү ...
Өчүүхэн миний эмзэглэж явдаг ганцхан зүйл бол ургасан хөрс шороондоо үндэслэсэн эзэн ургамал нь байхсан гэж тархиа чилээж, сэтгэлээ шаналааж явна даа....
Цөлжиж дууслаа бид бүхий л бие сэтгэл, оршин буй орчинтойгоо, Цаг хугацаа биднийг өрөвдөн айсуй гэж зүүдлэх эмгэгээсээ салан сэрцгээе.
Монгол хүн монгол хүнээ дэмжиж гэмээн дэвжиж дээшилнэ. Би Монгол хүний хөдөлмөр хүчээр бүтсэн бүтээл болгоныг эдлэж хэрэглэхийг хүсдэг ч ганц би байгаад яахсан билээ.
Тийм ээ гадны орныг, гадны хэл, соёлыг шүтэгсэд надад гоморхуузай. Эх оронч буюу үндэсэрхэг сэтгэлд туйлшрал байдаггүй гэж боддог. Даяаршлыг бид ярьж болноо. Гэхдээ салхи дагах хамхуул шиг хэн нэгнийг даган даяаршмааргүй байна. Харин чадах нэгнээ дагуулан даяаршия л даа.
үргэлжлэл бий...

"БИ МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭДЭГ" С.ЗОРИГ
саналаа илгээвэл талархана.