Pages

Tuesday, July 19, 2011

38 тай хайр

ххх

Дурлалын дарсанд юу юугүй шунаж

Дуун амраглалд хөлчүүрхэн алхлана

Хүний заяа уйтгар гунигийг мартаж

Хайр дарс хоёроор баяраа мялааж амьдарнам

ххх

Тэнгэрийн үүл шиг эвлээгүй

Тэнэгхэн дурлал минь төөрсөн ч

Тэнхлүүн сэхүүнд үргээлгүй

Тэвэрч хамтдаа хайрланам

ххх

Дурлалаас уйдсан хүнд

Зүрхний эгшиг солгойрно шүү

Дуунаас зугтсан амьдралд

Заяах хайр хомсдоно шүү

ххх

Хайр минь би чамайг

Харанхуйн гүнээс таньж

Халуун дулаан илчээрээ

Хамгийн дундаас олсоон

ххх

Хүний нэрэнд өнгөрүүлсэн

Цаг хугацаа амьгүй

Хүйтэн хайранд өнжсөн

Цагаан сэтгэл ч амтгүй

ххх

Ганцаараа би л, зөвхөн би л хэлж чадах\

Өөр хэн ч хэлж үл зүрхлэх

Гарцаагүй үнэнийг, үйлийн тэр явдлыг

Гажааж би чадсангүй дээ

ххх

Торгоны хээ шиг эвлээгүй

Томоогүй хайр минь баяртай

Тоостын хөрсөнд ургаагүй

Тодхон өнгө минь баяртай

ххх

Дуулим хорвоод амьдарч яваа чинь үнэн бол

Дурлал дарс хоёрыг гутаан зүхвэл гуниг

Үйзэн сартай шөнийг эдлээд өнгөрөхөөс хойш

Үнсэлт тэврэлт хоёрыг тээршаан түлхвэл харамсал

Мөнгөн ододтой үдшийг орхиод одохоос хойш

Мөнхрөх эсэхдээ эргэлзэж, алхамаа хянах тэнэглэл

Мөрөөдөл хүслийн дарсныг амтлаад л өнгөрөхөөс хойш

Мунхаг харанхуйн ёроолд даарч суух гаслантай

Мөнгө долларын дэвсгэр дээр

Мөнхөд хөрвөөж чадахгүйгээс хойш

Нимгэн гэрэлт царайдаа

Нинжин сэтгэл ургуулаасай

Эрх мэдлийн тулаан дээр

Үүрдийн бай үгүй хойно

Энгэр цээжнийхээ цаана

Өр зөөлнийг тариасай билээ

ххх

дурлалын гоо үзэсгэлэн жигдэрчээ хайрт минь

дурсах жаргал их ч санах бүр уйтгартай

хайрлах сэтгэл их ч хажууд биш нь гуниг

халамжлах зүрх цохилох ч уулзахгүй бол харуусал

ххх

дураараа ширтэх эрх чөлөөнд би хайртай

дутуу орхисон жаргалаа эдэлж

дуугуй бас дуутайхан шивнэлдээд

дураараа ширтэх дурлалд би хайртай

дураараа эрхлэх эрх чөлөөнд би хайртай

дуусгаж амжаагүй бүхнээ орхиод

дуулим талын амьдралыг амрааж

дураараа эрхлэх үнсэлтэд би хайртай

дураар наадах жаргалд би хайртай

дугариг алаг нүдийг тань сонсоод

дуу гуниг хоёрыг хамтад нь ундлаад

дураар наадах жаргалд би хайртай

дураар үнсэх уруулд би хайртай

далайн давалгаа биеэр минь халгих мэт

дэрвийн эрвэгнэх салхин амттай

дураар үнсэх уруулд би хайртай

зоргоор учирсан чамдаа би хайртай

золтой орчлонгийн нэгээхэн зайд

чин зүрхээ чимээгүйхэн мэгшээх

зоргоор дурласан чамдаа би хайртай

дураараа дурласан чамдаа би хайртай

дуутай тэнгэрийн уйлагнах бороо шиг

нялхарсан биесийн энхрийхэн дуслууд

үүлэн зардасын утга төгөлдрийг

үйлийн заяанд учруулан хэлхсэн

дураараа дурласан чамдаа би хайртай

ххх

Учрах л гэж гучин зургаан намрыг би үджээ

Уулзах л гэж гуниг баярыг хослуулан

Уй, дуу хоёроор гэгэлгэн бодлыг аргадаж

Уясал гэгээрэл хоёроор хайрын ордноо эгшиглэжээ

Дурлалын ариун сүмд мөргөл үйлдэх бүсгүй

Дуртмал цээжнээ нялхамсах мөнгөн шүүдрийг

Далайн гүнд гялалзах сувд эрдэнийн адил

Даамай хайрын эрлээр түүж нэг аргадлаа

Хайрлах л гэж гучин зургаан өвлийг би

Харанхуйн ододтой, бас сартай үджээ

Хайлган сэтгэлийн үр жиндэхийг үргээн

Хал хат хоёроор амрагийн ордноо ургажээ

Дурлалын ариун сүмд мөргөл үйлдэх бүсгүй

Дуртмал цээжнээ нялхамсах мөнгөн цасханыг

Далайн гүнээс ховсдох сувд эрдэнийн адил

Даамай хайрын бурхан эрлээ нэг олжээ

Амраглах л гэж гучин зургаан хаврыг би үджээ

Алжаал, амжилтыг сэлж, сэргээн

Аалийн зөөлнөөр тавилангийн сүүдрийг цэлмээн

Амт өнгө хоёроор амьдралын хойморт морилжээ

Дурлалын ариун сүмд мөргөл үйлдэх бүсгүй

Дуртмал цээжнээ нялхамсах мөнгөн цэцгийг

Далайн гүнээс ховсдох сувд эрдэнийн адил

Даамай хайрын бурхан эрлээ ийн олжээ

Санах л гэж гучин зургаан зуныг би үджээ

Салаа замын уулзвар дах гэгээн сүмийг харж

Сайн сайхны үүдэнд харц харцаа таньж

Санах, хүсэх хоёроор амьдралын ордонд учиржээ

Дурлалын ариун сүмд хайр урлах бүсгүй

Дуртмал цээжнээ нялхамсах сүүн энгэрийг

Далайн гүнд цэнхэртэх тэнгэрийн үүлнээс

Даамай хайрын хураар усалж нэг ундаллаа

ххх

Амар амгалангийн дээд баяр баясал минь

Амьдруулж бас үхүүлж чадах их хайр минь

Санах мартахын амтыг жүнзтэй архинд юүлж

Сэрэх сэтгэхийн ухаанаар орчлонгоос нэг салахсан

ххх

Уулзахгүй байхын аргагүй зам дээр уулзсан даа амраг минь

Учрахгүй байхын аргагүй тавилан дээр учирсан даа хонгор минь

Үгүйлэхгүй байхын аргагүй хүний заяанд хайр минь

Үнэрлэхгүй байхын аргагүй эрийн дээд хийморь минь

Хайрлахгүй гээд яанам

Хагсрах сэтгэл зүдрэнэ

Хүлээхгүй гээд яанам

Хүрэн зүрх зогсчихно

ххх

Жолоогүй их хүслийн давалгаанд

Журам дүрэм юуны хамаатай

Жор хэрэггүй хайрын солиоролд

Жудаг чанар юуны хамаатай

ххх

Хонгор залуу минь

Хөхөхвчийг минь тайл

Хорвоод ганцхан чинийх гэдгээ

Халуухан сэтгэлдээ мэдрэхийг би хүснэ

ЗӨВХӨН ЧИНИЙХ Л ГЭДГЭЭ МЭДЭРЧ

Зүв зүв зүгээр амьдрахыг би хүснэ

Зөв үйл, зөөлөн үг тарьж

Зөрөг замаар алхалхыг би хүснэ

Жирмийн сүлжээ гэзгээ асгаж

Жин үдийн нарантай мандаж

Жаргах заяагаа биесдээ амталж

Жаахан үр шиг наялхархыг хүснэ

Tuesday, July 5, 2011

38 тай хайр

Би амьдралаас, анд найзуудаасаа, ер нь хэн нэгнээс сайхныг нь олж харж, сайныг нь магтан урамшуулахыг хичээж тэр хэрээрээ аз жаргал, баяр баяслыг мэдэрдэг. Хүмүүс ганцаардахаас айдаг юм шиг санагддаг. Харин би эсрэгээрээ ганцаардвал эрх чөлөөг, бас өөрийгөө илүү их мэдэрч, монгол цусаар лугшиж яваадаа омогшидог. Надад цаг хугацаа анд минь болж, шүлэг сархад хоёроор сэтгэлээ мялааж, аав ээждээ эрхэлсэн гэнэнхэн охин хэвээр хааяадаа хүүдээ эрхэлж, дүү нартайгаа дүүмэдхэн анд нь байсаар 38 настай золгох гэж байна. Амьдрал ямар их баяныг хувьдаа сар жил, өдөр бүрээр харж, амталж, бас баярлаж, бахархаж, сэтгэлийн торгон агшнаа зураглан явна. Үгийн сайхнаар андыгаа өргөж, үйлийн сайнаар амьдралаа тэтгэх ухаан надад цуцаж няцахгүйгээр ямагт төрж байдагтаа би гэгээн оршном. Уудам тал дунд зогсоод "Амьдрал минь чамдаа би хайртай" гэж хашгиран, бүсгүйн хоолойгоор уул тал, ус нутгийнхаа хийморийг сэргээж, цэцэгсийн хамтаар баясах дуртай. Надад бялхаж асгасан сэтгэлийн их өмөөрөл, сэтгэлийн их гэгээ байна. Эх орныхоо сайхныг бахдан, хайрлах тусам муу хүмүүсээс өмөөрөн харамлах харамсал ямар их төрдөг гээ. Энэ бүгд миний асгарсан их хайр юм. Тийм ээ энэ бүхнийг маань улам өнгөлж, намайг хурцлан, эрч хүч хайрласан миний хайр надад ирж, би өөрийн эрж хайж явсан эрдэнээ олсон. Анхаагийн 37 нас аз жаргалаар бялхаж хайрын оргил дээр амьдралын жинхэнэ амтыг мэдэрч байна. Би даарч байсан ч даарахгүй тийм их халуун сэтгэл дунд ирсэндээ хүн байх тэр дундаа бүсгүй заяанд төрнө гэдгийн утгыг илүү ихээр ойлгосон. Эмэгтэй хүн байхын утга нь хүнийг асар их хайранд умбуулах, бас тэвчих.Дурлалтайгаа учирсан, их хайраа би "38 тай шинэхэн дурлал" гэж нэрлэе.
Дурлал бүхэн анхных байдаг, хайр бүхэн шинэхэн байдаг.

Яг л гэнэнхэн охин шиг би
Уулзангуутай дурлаж
Яг л жаахаан охин шиг
Уруул дэвсэн эрхэлсэн
Хэн нэгнийг хардсан
Харц надаас зугтаж
Хэн нэгэнд гоморхсон
Хар надаас дайжсан
38 тай анхны дурлал минь
Гунхсан навчис шиг уйтай ч
Тэнгэрийн хурын шаагих бороо
Тэнгис давалгаалах адил хүчтэй
Яг л гэнэнхэн хүүхэд шиг
Нүгэл үргээсэн цагаан зам
Нүүдэл сэлгэсэн хайрын буурь
Зөвхөн чинийх байхын төлөө
Зочилсан хайраа дайлж аргадана
Замын түгжрээ, зандрах муу үг
Зальжин яриа, залхаг үйл
Зуйварган бүхнээс салж мартаад
Зөвхөн чи бидэн л амьдрах
Чимхийн төдий орчлон байсан ч яахав
Чиний л төлөө амьдрах хайр цуцашгүй
Дурлалын бурхан минь тавтай морил
Дуун амраглалд минь эрхэлж амар
38 тай шинэхэн дурлалд минь
Гунигаа үргэтэл зугаалан цэнгэ
Зовлон хэрвээ амтгүйсэн бол
Жаргалын зам бүү татуул
Зориг хэрвээ амьгүйсэн бол
Хайрын баланд согтоно гэжүү
Сэтгэлийн тайтгарал минь
Сэлж хайсан эрдэнэ минь
Зоригтой, ухаантай, бас тэвчээртэй
Хайрлахгүй байхын аргагүй
Ханхүү минь, 38 тай хайр минь
Шувуу биш ч нисэх далавч хайрлаж ээ
Шуналт их зоригийг ч бас бүтээжээ.
Өдөр бүрийг шинээр угтаж, өөдрөг бүхнийг шинэчлэн тордож, сэтгэлээрээ шив шинэ баймааж, дурлал минь шив шинэхэн оршном.
Торгон талд тормойн ургасан нэгэн сайхан цэцгийг тасдаад авах адил чи минь миний хайрыг зөвшөөрөлгүй авсан шиг би чамайгаа чамаас асуулгүйгээр хайрлана. Зөвхөн чинийх байхын төлөө өнгөжин дэлгэрэх цэцгийг чи минь услаарай. Бас нар хур хэрэгтэй шүү хайрт Амараа минь.
Чамгүйгээр туулж өнгөрүүлсэн он жилийг би нөхөхийн тулд,
чамтай өнгөрүүлэх он жилүүдийг би бөөцийлөн тордож хайрлаж, зөвхөн чамаараа амьсгалж амьдарнаа. Энэ миний ертөнцөөс хагацахын өмнөх огшил буюу.

Миний хань бурхнаас заяасан авъяастай зураач

Хайрласан ч урт удаан амьдарч чадаагүй миний хань сайхан залуу, тэр минь уран гартай, авъяаслаг дархан, зураач юм. Би түүндээ хүү төрүүлж бид аз жаргалтай амьдарсан цаг хугацаа өнгөрсөн өчигдрийнх мэт боловч бидний гэр бүлийн гэрч болон үлдсэн хүүхдүүд минь өдгөө том болцгоож байна. Амьдрал ямар хүний санаснаар байх биш дээ. Хэтэрхий залуу бүсгүй хайр дурлалдаа итгэсэн ч амьдралын олон асуудлыг зохиоцуулж дийлэлгүй салах замыг сонгосноор бид хоёрын амьдрал хоёр тийшээ болсон. Гэвч би одоо хэр нь нөхөртөө хайртай. Түүнийгээ ойлгож амьдарч чадаагүйдээ хэзээ ч харамсахыг хүсдэггүй шигээ түүндээ хэтэрхий хайртайдаа хажууд нь байж чадаагүй юм болов үү гэж боддог. Бас яаж хайрлахаа мэдээгүй юм болов уу. Саяхан нөхөр маань уран бүтээлийнхээ үзэсгэлэнг гаргалаа. Би өөрөө хийсэн юм шиг л бахархсан, хөөрсөн. Билгээгийн минь гар үнэхээр алтан гар. Хэн ч хайрлам тийм уран, чадварлаг. Түүнийхээ уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтэд очихдоо ямар их баяртай байснаа тэндээс гарсныхаа дараа л мэдсэн. Би хүүтэйгээ зургаа ч авуулж амжилгүй явсан. Хайртай ханийнхаа хоёр дах амьдарлыг би хайрлаж, аз жаргал, баяр баясалтай байгаасай, тэдний дунд сэтгэлийн гэгээн оршиж байгаасай гэхдээ би ханьдаа сайн сайхныг хүсээд одоо хэр нь хайртайгаа нүдээрээ хэлээд л гарсан. Чи минь илүү ихийг хийж бүтээж, Монголынхоо түүхийн алтан сан хөмрөгт өөрийн мөрөө үлдээж буйд би их баяртай байгаа. Чамд минь чи бидний энхрий сайхан хүү минь байна. Чи их баян хүн шүү хайрт минь. Өөрөө хайрлаж чадахгүйдээ өрөөл рүү явуулсан тэнэгхэн намайгаа ойлгож, одоо хэр нь инээж угтдаг чамдаа тэр л хайрын гэгээн он жилүүд шиг үлдэе дээ. Чинийхээ тухай телевизээр сонсоод маш их бахархаж, баярлсан. Чи минь монголын уран дархчуудын залгамж халаа нь байж, эх соёлынхоо түүхэн хэлхээ, номын алтан хуудас болсонд талархаж байна. Монгол улс чамаар бахархах болноо. Урагшаа улам ихийг амжуулаарай.