Pages

Monday, November 22, 2010

МИНИЙ МУУ НАЙЗУУД


Хун шувуу шиг сүргээ даган зорилгогүй нисч би чадахгүй
Хуягандаа нуугдах дун шиг амирлангуй байж би чадахгүй
Эзэндээ дөрлөгдсөн адгуус шиг аяар нь дагаж би чадахгүй
Эргээ дагах голын ус шиг голдрилоороо урсч би чадахгүй
Аз түшинэ хэмээн найдаад гараа хумин тайвшрахыг тэвчихгүй
Ам тангаргаасаа няцаж буцсан гөлгөртэй мөр, тохой зэрэгцэхгүй
Ард иргэдээ аргацаан хуурсан арчаагүй түшмэлийг би дэмжихгүй
Амиа хичээн алийгаа алдсан адгийн тэнэгтэй би эвлэрэхгүй
Уруул даван гарах урамгүй үгсийн санг үгүй хийж халмаар байна
Ууж балартсан эрсийн мунхагийн түйтгэрийг үлдэн хөөмөөр байна
Унтаж сэрэхийн хооронд гэлдрэгсдийг сэрээн сэнхрүүлмээр байна
Уулгалах өстөнтэй хорслоор бус уучлалаар эвлэлдэн нэгдмээр байна
Нүгэлт орчлонгийн бусармаг үйлдлийг нухчин дарахыг хүснэ
Нуруугаа бөгтийтөл амьдралд нухлагдсан элбэрэлт эхийг аврахыг хүснэ
Айл гэрийн аз жаргалын үүдийн түлхүүрийг атгуулахыг би хүснэ
Ариун үйлсийн гэгээн зам мөрийг тодруулах анхдагч болохыг хүснэ
Цэлмэг тэнгэрийн наран мэт мандан бадрахыг хүснэ
Цайвалзан гялалзах оддын хүрээлэнд саран мэт гийхийг хүснэ
Угтах ирээдүйгээ бодитойгоор мэдэрч урган өсөхийг хүснэ
Угтаа би гэрэл гэгээтэй бүхний эхлэл байхыг дээдлэн хүснэ







Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

МИНИЙ УНШИХ СОНСОХ ДУРТАЙ ГАНЦ ШҮЛЭГ।СЭТГЭЛ ГЭГЭЛЗЭЭД НЭГ Л ТОГТОЖ СУУЖ ЧАДАХГҮЙ ҮЕДЭЭ БИ О।ДАШБАЛБАР АГСАНЫ ЭНЭ ШҮЛГИЙГ УНШИЖ ТАЙВШИРДАГ ЮМ ДАА





Би олон танилтай хүн। Уг нь танилцсан хүн болгоноо л найз гэж бодож явдаг байлаа. Гэтэл тэдний ихэнхи нь жинхэнэ найзууд байж чадаагүйг хожим мэдсэн. Багтай хуурамч хүмүүсийг найз гэж дотносож явсандаа заримдаа дургүй хүрдэг л юм. Миний амьдралын жаргал зовлон, баяр гунигийг байнга хуваалцаж явдаг Б.Хатанбаатар, Ц.Ганзориг, Г.Амар, М.Дорждэрэм,Б.Өлзийсайхан, П.Анхтуяа, Ж.Цэсэн... гээд л дотны найзууд бий. Би энэ найзуудаараа байнга бахархаж явдаг юм. Найзуудтайгаа хамт сэтгэлээ сэргэтэл яриад суух их гоё байдаг. Б.Хатанбаатар бид хоёр мөн ч олон шөнө “буу” халж нойргүй хоносон доо. Миний дотны найзуудын нэг П.Анхтуяа минь хоёр сар шахамын өмнө гэнэт хөлөө хугалчихлаа. Уг нь яс хугарах сайн гэдэг л дээ. Гэхдээ л харамсамаар зүйл Анхаад минь тохиолдчихлоо. Миний найз ёстой гал цогтой бүсгүй байгаа юм. Эмэгтэй хүнээс гарамгүй дайчин зан ганцхан Анхаагаас л гардаг. Өүлэн эхийн удамт жинхэнэ хатан ухаант бүсгүй гэж би ам бардам Анхаагаа хэлнэ дээ. Анхаа бид хоёр 2002 оноос хойш найзалж байна. “Монгол төрх” сонинд бид хоёр хамт ажиллаж байхдаа танилцаж байлаа. Анхаа бид хоёр зүгээр суухгүй дандаа шинэ зүйл эрэлхийж байдаг юм. Нэг шинэ ажил санаачлахаараа би Анхаа, Өкө хоёртойгоо хамгийн түрүүнд санал бодлоо хуваалцдаг юм. Анхаа дорой занг ёстой үзэн яддаг. Би угийн даруу болохоороо жаахан ичимхий зантай. Энд тэнд арга хэмжээнд оролцохоороо дуугүй л хараад сууж байдаг юм. Харин Анхаа дуулж, бүжиглэж, шүлэг уншиж, алиалж хөгжөөж хуран цугласан хүмүүсийг ёстой байлдан дагуулж өгнө ш дээ. Тэгээд л “-Нарка, Өкө миний хоёр найз гараад ир. Салхийг нь хагалъя. Бид хииморьтой хүмүүс шүү” гээд л тас тас инээдэг юм. Бид хоёр үе үе муудалцанаа. Би зөрүүд болохоороо заримдаа Анхаагийн үгийг сонсохгүй өөрийнхөөрөө дайрна. Энэ үед Өкө “энхийн сахиулагчийн” үүргийг гүйцэтгэнэ ш дээ. Анхаа өөрийгөө ер тоохгүй. Бас л хамаг байдгаа мартан бусдын төлөө гүйчихэнэ. Анхаа хүнийг баян ядуу, ухаантай тэнэг гэж ялгалгүй бүгдтэй нь адилхан харьцаж зовлон жаргалыг нь анхааралтай сонсдог юм. Тэгээд л туслах юмсан гээд уйлаад л гүйгээд байдаг өр нимгэн хүн дээ, миний найз. Би танилцсан цагаасаа хойш Анхааг сэтгэл дундуур явахыг нь хараагүй. Дандаа л инээж бусдыг хөгжөөж явдаг юм. Хэд хоногийн өмнө надруу залгасанаа “Би өөрийгөө их олон найзтай гэж боддог юм ш дээ. Гэтэл яг ингээд өвчин зовлонтой үед л жинхэнэ найзууд үлддэг юм байна. Чи бүдүүн болохоороо яалт ч үгүй миний шигшүүрт үлдээд найз хэвээрээ үлдэж байна даа” гээд нөгөө л цоглог зангаараа тас тас инээж байна лээ. Анхаа хөлнийхөө гипсийг 9 сард авахуулна гэсэн. Тэр болтол л хэвтэх байх даа. Өкө бид хоёр Анхаа дээр очих болгондоо л хурдан ажилдаа ор гэж үглэдэг. Бид хоёр ч Анхаагаараа дутаад ажлаа хийхгүй байгаа юм чинь. Гуниж гутахийг мэддэггүй миний өөдрөг, золбоолог найз удахгүй хөл дээрээ босноо. Босох босохдоо хүчтэй босоорой. Хүүхнүүдийг атаархтал, эрчүүдийг шохоорхтол, бас сэрэл хүсэл, хуял тачаалыг нь зад тавьтал нь дуутайгаар хөл дээрээ босно шүү. Чамд бид итгэж байна. Хөлийг чинь хугалсан ч сэтгэл зүрх, хүсэл мөрөөдөл, зоригийг чинь хугалж мохоож чадахгүй шүү гэж нам гэж найзархдаг “дайснуудад” чинь хэлмээр байна.
АНХАА! МИНИЙ НАЙЗ ӨӨДРӨГ ЯВААРАЙ!





1 comment:

  1. Блогоос тань шүлэг уншихад сайхан байлаа. Өөдрөг сэтгэл хүнийг дандаа хөл дээр нь босгож зоримог алхуулж чаддаг болохоор одоо хөл чинь дажгүй эдгэрсэн байх гэж итгэж байна. Алхдаг хөл хугархад эдгэрнэ л дээ. Харин амьдралдаа хөл алдвал эргүүлж байранд нь тавихад хэцүү ш дээ. Залуус маань үүнд л алдах вий гэж би дандаа санаа зовдог юм. Хүмүүст ухаарал хайрласан олон уран бүтээл хийж байгаарай.
    Д.Ж

    ReplyDelete