Цэцэрлэгтээ өнгөлөг цэцгээ тарьж, шинэ агаар сэлгэж ажиллаж чадалгүй зуны, намрын саруудыг хэвтэж өнгөрөөсөнд уучлаарай найзууд аа. Гэхдээ энэ миний амьдралын шалгуур байлаа.
Амьдрал надад хайртай болохоороо тэсч гарах даван туулахын хатыг суулгах гэж, гэнэнхэн охиноо хүний муугаас хамгаалан дархлаажуулах гэж өдгөө шалгасаан хэмээн бодож өөрийгөө хурцлан байна.
Хүн гэдэг араатнаас ухаан сэтгэхүйгээрээ илүү баймааж хүний орчлон нартай хуртай наадам цэнгээнтэй хөгжилтэй хурдтай явна. Харин бид заримдаа тэднээс ялгарах оюун ухамсараа араатан сэрэхүйд автуулахаар их аймаар бөгөөд бас гутамшигтай, нийгэм ухраад л .. . байгааг хүмүүс тэр бүр сэхээрч ухаарахгүй нь харамсалтай.
Хүмүүс намайг "ганцаардсан" гэж бодож байгаа ганцхан үйлдэлтэй хэвтрийн гурван сард “Ухаант хүн”- ий номыг уншиж, өнгө будаг, өндөр нам, оюун санаа, ухаан бодол, явдал үйл, сайхан муухай, сайн муугийн чанарыг ялгаж, яагаад араатан сэрэхүйд автан буйг “зөвхөн” ”хувийн амбицид хэт дурламхай” хэмээсэн нэр томъёонд хамрууллаа.
Тийм ээ ганц олдсон хувь заяа, ганц олдсон сэтгэлийн их аз жаргалаа бид зөвхөн эд хөрөнгө, эрх ямба, эрээн мяраан цаасанд идүүлж, мэдүүлж өглөөнөөс үдшийг өнөөдрөөс маргаашийг дүйвээн дунд дайвалзан өнгөрүүлж, түүгээрээ сэтгэл ханамжийн дээдийг эдэлдэг болжээ. Энэ гэхдээ дийлэнхэд бус дундуур дулимаг хэдхэнд л хамаатай аж.
Хүн чанараар амьсгалж, тэр эрчээрээ тэжээгдэж, хооллодог би вээр
Салхинд үл ганхах хад чулуу мэт
Сайн муу үгэнд үл автахыг хичээнэ.
Би ямар их сэтгэлийн хаттай, ямар их гэгээн оршдогоо энэ ахуйд мэдэрч аз жаргал амар амгалангаар цэнэглэгдэнэ.
Ум сайн амгалан орштугай.
Ургасан модонд атаархан хэмлэгч өчүүхэн бэртэгчин хорхой өнөөдрийн наранд үл гандан, маргаашийн салхинд үл ганхлаа ч нөгөөдрийн агаарт дэгдэн одмуй.
Энэ өөрөө амьдралын орших эс оршихуйн хууль бөлгөө. Ухаартугай. Мэдтүгэй. Мандтугай.
Сэтгэлийн өчил ийнхүү шүлгээр урсмуй.....
- Үнэний цэцэг дэлгэрэхээ боливол...
Атаа хорслыг бүү тээ
Алиман хацарт тань зэвхий дааж
Алмай нүд тань зэвэрч харагдана
Эрхлэх дагинасын дуун солгойрч
Эжий бүүвэй эгшиглэхээ болино
Шуналын дөлийг бүү тэтгэ
Шулганах үрсийн инээд хургаж
Шидийн ухаан ариусахаа болино
Гивлүүрт ичимхийг самуун өдөж
Гуа үзэсгэлэнд тань чөтгөр шүглэнэ
Өрөөлийн сайханд бүү хилэгнэ
Өнгөний хорвоо дээлээ сольж
Үнэний цэцэг дэлгэрэхээ болино
Өтөгт санаа ичээндээ биежиж
Үйлийн үр барагдахаа болино
Явдлын сайныг бүү хард даа
Ялгуун саран гийхээ хаяж
Ямаан омог ялаанд үүрлэнэ
Гэгээн сэтгэл нартайд хиртэж
Гэмт бодлууд нүглээр удамшина
Ховын үгсээр бүү зугаац
Хонгор үрсийн жаргал дайжиж
Хожмын өдрүүд амтгүй аргана
Хүн амьтдын оршил ижилсэж
Хүй орчлонгийн зул бөхнө
- Бүсгүй хүний залуу насыг хайрлаарай
Бүсгүй хүний залуу насыг
Бүртийх толбогүй гэгээн хайрлаарай
Бүрхэг тэнгэрийг цэлмээн ариусгах
Бүлээн дулаан агаар юм шүү
Үзэсгэлэнт бүсгүйн залуу насыг
Үүлгүй тэнгэрт нисгэн хайрлаарай
Үнэний хорвоод худлыг дальдраах
Үлэмж төгс шувуу юм шүү
Гоо бүсгүйн залуу насыг
Гундах намаргүй тодхон хайрлаарай
Гунигийн хорвоод өнгө цацраах
Гоолиг туяхан цэцэгс юм шүү
Уран бүсгүйн залуу насыг
Уйдах мөчгүй жаргаан хайрлаарай
Уянгын хорвоод эгшиг нэмэх
Урсгал намуун горхи юм шүү
Эжий бүсгүйн залуу насыг
Эрхмийн дээдэд шүтэн хайрлаарай
Энгүүн хорвоод бүүвэй амилаах
Энэрэл зөөлөн бороо юм шүү
- Гэгээхэн хайр минь
Гэгээхэн дээ миний хайр гэгээхэн
Гэгээхэн дээ миний хайр
Санаанд хурсан зэм цайрам гэгээхэн
Санчиганд хярсан жим дайжим гэгээхэн
Ухаантай даа миний хайр ухаантай
Ухаантай даа миний хайр
Урам амилаан бодол тэтгэх ухаантай
Учиг анирдан сэрэхийг сануулах ухаантай
Сайхан даа миний хайр сайхан
Сайхан даа миний хайр
Жин үдийн хорвоо намбалаг сайхан
Жинтэй үгээр хар үргэм сайхан
Өгөөмөр дөө миний хайр өгөөмөр
Өгөөмөр дөө миний хайр
Өвлийн хүйтэнд дурлан будрах цасан
Өнчин саранг өмөөрөн ханьсах одон
Энхрийхэн дээ миний хайр энхрийхэн
Энхрийхэн дээ миний хайр
Эвий нялх үрийн минь танхил үнэр
Эрхлэн туних дуугүй сүрлэг дүр
Энхрийхэн дээ минй хайр энхрийхэн
Энхрийхэн дээ мийний хайр
/Урлагийн гавъяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Насанбуянгийн ая/
- Гэргийгээ инээлгээрэй
Авааль сайхан гэргийгээ тормолзуулан инээлгээрэй
Аньсган доороо хурыг сувдруулж
Амраг ханиа хайраар чимээд
Ааш ялдам гэргийгээ тормолзуулан инээлгээрэй инээлгээрэй инээлгээрэй
Авааль сайхан гэргийгээ баясууланхан инээлгээрэй
Ариун сүүний дээжээ өргөөд
Алаг үрдээ хайраа дэлгээд /үрээ хайраа ивээн/
Азын заяа гэргийгээ баясууланхан инээлгээрэй инээлгээрэй инээлгээрэй
Авааль сайхан гэргийгээ жаргууланхан инээлгээрэй
Асар тэнгэрийн солонго наадуулж
Ашдын гэгээ хоймроон дээдлээд
Ааль намбалаг гэргийгээ жаргууланхан инээлгээрэй инээлгээрэй инээлгээрэй
- Шүлгэн хань
Хань шүлэг минь чи уйлахад хамт байж уужралаар ивээдэг
Харц гундан гутархад хамт байж урам асгадаг
Хайр дутан уйдахад хамт байж уярал нэмдэг
Хагсрал сэдэрч ганцаардахад хамт байж сэрэл булаадаг
Шүлэг минь чи хайран дунд хань минь болж хамт амьдарсаан
Шүлэг минь чи буруудахад хамт байж омог дээжилдэг
Шуурган дунд бүдчихэд хамт байж огшоон сөрдөг
Харанхуйн ухаан дунд ижилгүйдээ гэж нигүүсэл хайрладаг
Хайр нийлээгүй залууг орлож амраг минь болдог
Шүлэг минь чи ухаарал дунд хань минь болж хамт амьдарсаан
Шүлэг минь чи уруудахад хамт байж сэрэхийг сануулдаг
Шударгагүйн цээргүйн дунд хамт байж худлыг ичээдэг
Жаргал онгирон агсархад хамт байж зовлонг өмөөрдөг
Жанч халан одоход ч хамт байж тэнгэр мэгшээх
Шүлэг минь чи булшин дээр хань минь болж газар умдаална
Шүлэг минь чи өөдлөхөд хамт байж сэрэмжээр дайлдаг
Шүүлтүүргүй орчлонд хамт байж хүн чанарыг мялаадаг
Эр хүн харц шидэхэд хамт байж эхнэр шигээ өмчилдөг
Эхийн хайрыг дотогш залгиан үрийг минь сургамжилдаг
Шүлэг минь чи бардамнал дунд хань минь болж хамт амьдарсаан
Шүлэг минь чи хулчийхад хамт байж сэтгэл хатамжилдаг
Шөнө шиг бодол харвахад хамт байж анирдан үргээдэг
Оочергүй залуу настай хамт байж золбоог минь чимдэг
Оосоргүй тэнгэрийн доор хамт байж тэнхээг минь торддог
No comments:
Post a Comment