Pages

Monday, June 6, 2011

Сүүн ээжүүдийн баярын хуртай өдрүүд










Иргэддээ эрүүл хүнс бэлэглэгч ТАЛХ ЧИХРИЙНХЭН эрүүл агаар бэлэглэж байна




Женко тюр группын дэргэдэх хүнсний үйлдвэрүүдийн хамт олон Эрүүл хүнсээр нийслэл болон орон нутгийнхаа ард иргэдийг хангадаг шигээ нийслэлчүүддээ Эрүүл агаар бэлэглэж ногоон төгөлийг байгууллаа.

Ном дор мөргөмүй, буяныг би уншиж мэдсэнээр түгээнэм












Гэгээрлийг харин сэтгэж,
хүссэнээр олном



Улсын төв номын сангийн хамт олон бидэнтэй хамтран ажиллахаар урилаа. Тийм ээ бид номын цагаан өргөөнөө ногоон зүлэг тарьж, ногоон орчныг бий болгон Байгаль ээжээ баярлуулахаар нэгэн өдрийг угтлаа. Нар хур тэгширсэн эл өдөр 100 ширхэг чацарганын бяцхан үрсийг тэдэндээ үлдээж, хамтдаа тарилцлаа. Одоо ургуулахын тулд арчлан тордох эхийн сэтгэлийг харж байна.

Мод тарих амархаан. Гагцхүү тэднийг ургуулах, өсгөн өндийлгөх эхийн хайр, хүний халамж тордлого чухал. Эхний жилдээ тордоод өндийлгөөд авахад мод цаашдаа байгалийн амьтан учраас тэр л жамаараа ургаад ирдэг. Бидэнд нялх модыг жаахан байна гэж голох хандлага харагддаг. Үгүй. Тэдэнд залхуурал байна. Модыг багаас нь хөрсөнд нь дасгаж өөрийн гэр орныг бий болгох хэрэгтэй. Том болсон модыг шилжүүлээд суулгах нь өөрөө өөрийгөө, өрөөл нэгнийг хуурсан л ажил болно. Ер нь нялх хүүхэдтэй л зүйрлэмээр байгаам даа. Амьдрал бидний өмнө нээлттэй байдаг. Бид заалгаад, сураад, мэдэж авах гээд байх юм. байхгүй. Хамгийн гол нь сэтгэлээсээ хүсэх л чухал гэж хувьдаа боддог. Энд ёстой хүн бүрийн хүчин зүтгэл шаардлагатай юм байна.

Ирээдүйн бяцхан үрсдээ эрүүл агаар бэлэглэцгээе


Аян маань арьс өнгө, нас хүйс, эрх мэдэл, эд хөрөнгө, албан тушаал, авлигал, өнгө мөнгө, ядуу тарчиг, ямбатан сайдтан гэж ялгалгүйгээр өдгөө хоёр дах жилдээ явж байна. Бид төр засгаас хишиг горьдсонгүй, бас түмэн ардаас авлага нэхсэнгүй, сэтгэл санаа нийлсэн эгч ах нарынхаа буяныг түгээж хэр чадлаараа тэмцэж, хийж явнаа.

Найзуудын маань санаа Эх нялхсын эрдэм шинжилгээний үндэсний төвийг зорьсоон. Тэнд бид улсынхаа ганц гэггдэх эх нялхсын эмнэлэгийн сэхээний тасгийнхантай хамтран 200 монос тарьлаа.
Мод минь эгээ тэнд эмчлүүлэх жаахан үрс шиг минь нялх юм. Тэдэнд маань эхийн сэтгэл, арчилгаа тордлогоо л хэрэгтэй. Бид ургуулахын төлөө өглөө нартай уралдан усалж, үдшийн бүрийг тосон арчилхад мод аяндаа сэтгэлийн дэмээр өндийдөг байгаль ээжийн маань үр хүүхэд. Хүн ч ялгаагүй сэтгэлийн дэм, урмын хүчээр өөдөлж явдаг даа.


Бидэнтэй хамтран ажиллаж, эх орондоо буяны үйлс дэлгэрүүлэхэд сэтгэл оюун, цаг заваа зориулсан Япон улсад суралцан ажиллаж амьдарч байгаа Монголын ганцхан эмэгтэй тулаанч Болороо маань ирээдүйн Монголын эздийн эрүүл амьдрахад эмнэх сувилуулах шаардлагатай, цаашилбал энд төрж, эжий аавдаа мэндлэх нялх үрсийнхээ эрүүл орчныг бид бэлдэхийг хичээлээ. Энэ өдрийн өмнөхөн ntv телевизийн Нандиагийн ток шоугаар Болороо маань уригдан оролцож Монгол хатан ухааныг залуухан бүсгүйн гэгээрлээр илэрхийлж, жинхэнэ монгол эмэгтэй болохоо хатан зориг, хат тэвчээр, сэтгэлийн чин хүслээ харуулсан. Бахархаж байна дүү минь. Эжий бүсгүйн залуу насны эрч хүч, гэрэл гэгээ, монгол эмэгтэйн хатан зориг чамд минь байхаас гадна өнөөгийн цагаан захт баарны залууст нэгийг бодуулах ухаарал, хоёрыг тунгаах сэхээрэл хайрласан гэж итгэдэг шүү. Чамдаа буяны дээд мод тарьсан сэтгэлийн түүчээ тань эх орондоо аяны богц дүүрэн, амжилтын гараа өндөр байхыг элэг нэгт ахан дүүсийнхээ өмнөөс ерөөе.

ХЭЛ ХИЛ МАЛ ГУРАВТАЙГАА БАЙХАД МОНГОЛ БАЯН Ч ХӨРС, УС, АГААР ГУРАВ НЬ ЭРҮҮЛ БАЙМААЖ МОНГОЛ СЭРГЭГ ОРШИН ТОГТНОНО

Хэрлэн,Онон, Туулын тунгалаг ариун уснууд...... Байна уу Монголчууд аа.

Саяхан Ийгл телевизээр Өмнөд Африкийн усны хэрэглээний тухай баримтат кино үзээд өөрийн эрхгүй сэтгэл урагдаж, төрөлх эх орон минь даруй ийм болчих юм шиг эмзэглэлт зүраглал нүдний өмнүүр жирэлзэж, тарихан дах бодлоо үлдэн хөөх гэж өөр зүйлд анхаарлаа хандуулавч, ирээдүйдээ юу үлдээх бол гэсэн тээлт одоо хэр нь арилахгүй байгаа нь ийнхүү бичихэд хүргэлээ. Эртнээс л энэ чиглэлд санаа зовнисоор “Байгаль хамгаалах, монголчуудын эко технологи буюу байгальтай харилцан зохицсоор” ирсэн уламжлалт аргыг сэргээх, түгээх чиглэлээр сургалт болон бодит ажлуудыг явуулж байгаа ч үүнд хүн нэг бүр оролцохгүйгээр бид байгалиа эрүүлээр авч үлдэж чадахгүйг ухаарлаа. Тийм ээ бидэнд уул уурхай ярьж, уудлан онгичиж, ухан сэндийчхээс өөр ажил алга. Энэ ажлын уршгаар Монгол байтугай дэлхий, усны нөөцийн хомсдолд ороод байна. Өнөөдөр дэлхий дээр 1 тэрбум хол давсан хүн ам усны хомсдолд өлөн зэлмүүн амьдарч, Энэтхэг, Өмнөд Африкийн орнуудад борооны усыг, бүр хэрэглэсэн усыг дахин ашиглах нь энүүхний хэрэг болжээ. Борооны ус хуримтлуулан хэрэглэх арга нь хэдий үр дүнтэй удаан хэрэглэгдэж байгаа ч дэлхийн дулаарал үүнд сөргөөр нөлөөлж байна. Бохир усны хэрэглээ хэдий их байна тэр хэмжээгээр эрүүл мэндийн асуудал хүндэрч байгааг бид мэдээллийн энэ зуунд хэн хүнгүй л сонсч харж байгаа. Гэвч өнөөдөр Монголчуудад хараад шагшрах, яана ийнэ гэхээс илүү хийх л чухал. Япон улс гэхэд л 1960 оноос өмнө Ива нуурын усыг ахуйдаа шууд хэрэглэдэг байсан бол Техникийн хөгжлийн өнөө цагт түүнээс улбаатай усны бохирдлыг цэвэршүүлэх ажил хийгддэг ба төр нь бодлогоороо зарим нэг томоохон, Байгальд сөрөг нөлөөлөл бүхий ажиллагаанд хориг тавьж чаддаг байна. Харин манайд юун хориг, хэн хүнгүй хишиг хувь хэмээн хошуурч, маргаашийн уух усаа үүрдийн байх юм шиг санаж байгаа нь жинхэнэ тэнэглэл болой. Ирэх 20 жилд цэвэр Усны нөөц 40 хувиар буурч, харин усны хэрэглээ хүнсний ногоо, тариалалтад 70 хувиар өснө гэж НҮБ-ээс мэдээлж байгаа төдийгүй НҮБ-ын Усны Бодлогын газраас дэлхийн улс орнуудын улс төрчдөд Усны нөөцийг хамгаалах тал дээр ядуу буурай орнууд ажил хийгээч, баян хөгжилтэй орнууд нь тодорхой хувь нэмэр оруулаач ээ хэмээн уриалж байна. Үүнийг бид дор бүрнээ анхаарч төр засгийг хүлээж суулгүйгээр унасан газар, угаасан усаа эрүүл авч үлдэхийн төлөө хувь нэмрээ оруулцгаая гэж уриалж байна. Биднээс ердөө сэтгэл л гарна. Бид хогоо ил задгай хаямааргүй байна. Бид ундны усны хангамжныхаа 70 хувийг гүний ус, харин 21 хувийг гадаргаас хэрэглэдэг байна. Тиймээс хөрсөн дээрх хог, усны бохирдлыг асар ихээр үүсгэх нь ойлгомжтой юм. Гүний ус нь нөхөн сэргээгдэггүй байгалийн баялагт ордог. Гэтэл Монгол улсын нийт хүн амын 50-иад хувь нь амьдарч байгаа Нийслэл Улаанбаатар хотынхны усны гол хэрэглээ нь гүний усаар хангагддаг тухай мэдээллийг бид хэрэглэхийг хүсэхгүй, хийхийг сэтгэхгүй байгаа нь өөрөө асуудал үүсгээд байгаа юм. Тийм ээ бид өөрсдийгөө их азтай хэмээн хөөрөхдөө эх нутгаа өмөөрөх, өрөвдөх ачлалыг харин уландаа гишгэж, малнаасаа дор мангар царайлах нь хариулганд яваа хонь, ямаанаасаа дор тэнэг харагдах гаслантай.

МАНАЙ ГЭР БҮЛ