Friday, November 18, 2011
ДЭЛХИЙН БРЭНД МОНГОЛ \ЦУВРАЛ\
Утаа татуулан давхих гялтагнасан хар өнгийн сүрлэг LX570 хэний уяанаас сугарав гэлтэй өндөр хурдаар өөртэйгээ уралдан нүдний өмнүүр зураг жирилзихүйеэ адил өнгөрнө. Тав тух тансаг хэрэглээг дээд зэргээр бодолцсон агуу хүний ухааныг магтан дуулмаараа... Даанч түүнийг явахад зориулсан тусгайлсан зам барих бүр нь бөөн мөнгөний үрлэг, бас бөөн тендэрийн зарга...
Харин тоос татуулан хөлийн хурдаар газрын бярыг танин давхих Монгол морины чадал, самсаа шархирам адгуусын ухаан араатан гэлтгүй маниас илүүтэй үзэгдэж, сэтгэл нуурлуулж, нүд баясгаана. Гийнгоолох бяцхан хүүгийн аялгуунд адгуусан уярахын, урам арганд хүчээ мэдэн хурдлахын утга нь өөрөө Монгол брэнд.
Жинхэнэ монгол эр хүн жороо борлогоо унаад, уяхан замбтивээрээ уул талаа уяраан, хээрийн салхи амтлан, хэцийн ногоог үнэрлэнхэн, хараа гүйцэмгүй хязгаарыг үл гүйцэхийн саадгүй, хөх тэнгэрийн хаяа хүрэх мэт уулсын дээгүүр нисэхүйеэ исгэрэн сэтгэл тэнүүн огших нь өөрөө Дэлхийн брэнд "Монгол МОРИНЫ ЧАДАЛ, АВЪЯАС БӨЛГӨӨ"....
Saturday, November 5, 2011
ХӨХ ТЭНГЭРИЙНХЭЭ ДОР БИ ....
Thursday, November 3, 2011
ДЭЛХИЙН "БРЭНД" МОНГОЛ
"Арьсаа брэндээр хучаад
Ачир дээрээ хогон дотроо" л тарвалзанхан байна, ухаалаг сонголт шүү.
Зүгээр л нэг амьдрах юмсан Монголчууд аа!
Блогоор минь зочилсан та бүхэндээ баярлалаа. Орчин цагийн хөгжлийг дагаад бид санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх бас хэн нэгнээ нээлттэй сонсох техникийн эрин зуунд хэтэрч мэдэх сөрөг мэдээллийн дарамтад амьдарсаар байна. Гэхдээ хэн юу сонсох, юу үзэх нь таны дур мэт боловч өөрийн эрхгүй нүд, сонор чангаах мэдээллийн хүчирхийлэл байх.
Би энд олныг нуршихын учир нь араатнаас ухаан сэтгэхүйгээрээ ангид "Хүн" гэгч жинхэнэ утгаараа аливаа зүйлийн хэм хэмнэлийг тааруулж, жингийн туухайг тэнцүүлдэг байхыг хүсэхийн дээр туйлширлаас өөрийгөө, нийгмээ, улс орноо аврахын утгыг эрэлхийлсэн болой.
Өчүүхэн би вээр мунхаглан бодохдоо
өмхий нэгэн шарилж төдий ургамал, өнгөлөг цэцэгс аль эсвээс монголчуудын соёлт иргэншилд хөл нийлэхийн үнэ цэнэ бүхий сарнай цэцэг ч өөрийн өнгө төрхтэй байдгаас бид ангилан ялгаж чадаад байгаам. Үгүй аваас бид шарилжийг ч гэлээ гялгар цаасанд цэцэглэн баглаад өгөх л байсан. Үүнтэй нэгэн адилаар "Монгол хүн" жинхэнэ монгол хөрсөндөө монгол агаар, монгол нар хураа хэрэглэн, монгол дүр төрхөөрөө ургаж гэмээн Дэлхийн брэнд улс байхсан. Өнөөдөр бид өөрсдийгөө Эзэн Чингисийн үр сад гэх боловч хаана байнаа тэр удамшсан өв соёл, уламжилсан үүх түүх нь... осолдохгүй Монгол эх орондоо төрсөн нь үнэн. Ёстой нөгөө "Хүний мөр" кинон дээр Чимэд багшийн хэлдэгчлэн "Чиний төрсөн чинь үнэн, үхэх чинь үнэн" гэдэг шиг л маргаашийг харах сөхөөгүй амин хувиа хичээн араатан сэрэхүйд хөрвөн, монгол хүний хаа ч дасан зохицохын чадварыг өндрөөр харуулах авч, эгээ тэр байгалиа харин хамгаалж бус бусниулж байгаа нь бүр араатнаас ч дор юм шигээ. Тэгээд харийн соёл иргэншлийг тахин шүтэх нь өөрийнхөө угсаа гарал, удам угшлаа мэдэхгүй, өөрөө өөрийгөө үнэлэхгүй, овгоо мэдрэхгүйн хар гай гэлтэй. Сүүлийн үед залуус "Брэнд"-ээр өвчилж, түүнийг анагаахын тулд хэсэг бусаг нь олзны мангаа ажлуулан хуурамч шошгоор элэг нэгтнээ малласаар л зарим хэсэг нь эрх хүүхдийнхээ буруу занд бугуйдуулан олсон хэдээ үрсээр, нөгөө хэсэг нь хийх ажилгүйдээ хэрэн тэнэж доллар еврог баруун солгойгүй цацаад л харийн гүрний мөнгөний авдрыг "ядуу" монголчууд дүүргээд байдгийн биш үү. Би л хувьдаа өөрийгөө ядуу Монголд ядуу амьдарч байна гэж боддоггүй. Юу хийж, яаж амьдрах, амьдралын ямар зорилготойгоо ч мэдэхгүй өнгөний сайхнаар дэр нэгтгэсэн нэгэн эрэгтэй эмэгтэйн эмх цэгцгүй энд тэнд тэмтчин яваа өрх бүлд өөрийнхөө л ухаанаар амьдралыг таньж, сайн сайхныг бэдрэн хайх гэнэн охин шиг л санагддаг. Яг л шалбааган дунд ургадаг Бадамлянхуа цэцэг шиг хаана ургасан байх нь чухал биш чухам л үндэслээд ургах нь л чухал тийм үнэнчээр өөрийгөө эрэлхийлэн амьдардаг. Бас угсаа гарлаа сайн мэднэ. Үүх түүхээ ч судлан байгаа. Харин үеийнхэн маань, хүүхэд залуус маань над шиг Монгол монголоороо байхын утгыг ухаж, Дэлхийг тамгалсан Чингис өвөөгийнхөө тэр амьдралын үнэн мөнийг үнэ цэнэтэй бас өнө мөнх оршоохын тулд унаж төрсөн Эх орноо илүү хайрлаж, тэр хөрсний шарилж ч бай сарнай ч бай хамаагүй өөрийн гэсэн өнгө төрхийг шингээгээсэй гэж хүсдэг. Хулхи сарнай байснаас шийртэйхэн шарилж байх нь гэмгүй л.
Монгол улсын бодлого энэ чигт хандаасай. Ажил хэрэг болоосой. Хүн бүр Монголоо гэсэн чигч шулуун бодол, чин зүрх сэтгэлээрээ угсаа гарлаа авраасай гэж чилж байна би.
Үгүй аваас ... салхи дагагч хамхуул адил байр суурьгүй, овог үндэсгүй, эрлийзжэн хүрлүүзжихийн дээр унаган байгаль минь сэтгэл даган цөлжсөөр байна. Томчууд нь гадны брэндээр уралдаж, дундчууд нь хоосон хонох шахан хүүхдүүддээ дөнгөлүүлж, дордчууд нь "брэнд" нэртэй хуурамч шошгонд сэтгэлээ зогоон амьдрах бид яасан өрөвдөлтэй вэ. Монголын баячууд гэгчид сонсоосой, уншаасай, ухаан санаагаа өрөвч, тэтгэлгийн зүгт, нийгмийн хөгжлийн чигт хандуулаасай. "Эрдэмтэй хүн даруу, Их мөрөн дөлгөөн" гэсэн үнэн сургаалыг сэтгэлийнхээ чихэнд зурагдсан пянз шиг давтаасай билээ. Бид улсыг нь биш хүнийг нь шүтэж, ухааныг нь, үнэн үйлдлийг нь дагахсан. Тэр Америкийн одууд хэд хэдэн сая доллараар нь манайх шиг орны бяцхан хүүхдүүдийн ирээдүйд халуун сэтгэл тусламжийн гараа сунгаж байхад манайхны цээж баячууд авгай хүүхдийнхээ өмсдөг дотоожоор уралдаж байх ч гэж. Энэ чинь эмгэнэл шүү дээ. Биднийг ямар тэр брэнд гэгч чинь хөгжүүлж, биднийг ямар тэр брэнд гуай хооллож ундлах юм уу тэгээд бас Үхлийг чинь брэндээр хахуульдаж, өвчнийг брэндээр эдгээх үү ...
Өчүүхэн миний эмзэглэж явдаг ганцхан зүйл бол ургасан хөрс шороондоо үндэслэсэн эзэн ургамал нь байхсан гэж тархиа чилээж, сэтгэлээ шаналааж явна даа....
Цөлжиж дууслаа бид бүхий л бие сэтгэл, оршин буй орчинтойгоо, Цаг хугацаа биднийг өрөвдөн айсуй гэж зүүдлэх эмгэгээсээ салан сэрцгээе.
Монгол хүн монгол хүнээ дэмжиж гэмээн дэвжиж дээшилнэ. Би Монгол хүний хөдөлмөр хүчээр бүтсэн бүтээл болгоныг эдлэж хэрэглэхийг хүсдэг ч ганц би байгаад яахсан билээ.
Тийм ээ гадны орныг, гадны хэл, соёлыг шүтэгсэд надад гоморхуузай. Эх оронч буюу үндэсэрхэг сэтгэлд туйлшрал байдаггүй гэж боддог. Даяаршлыг бид ярьж болноо. Гэхдээ салхи дагах хамхуул шиг хэн нэгнийг даган даяаршмааргүй байна. Харин чадах нэгнээ дагуулан даяаршия л даа.
үргэлжлэл бий...
"БИ МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭДЭГ" С.ЗОРИГ
саналаа илгээвэл талархана.
Sunday, October 30, 2011
"БРЭНД" МОНГОЛ
Босоо бичиг шигээ хийморьтой Монголын зон олон үүх түүхээ
УХТУГАЙ,
МЭДТҮГЭЙ,
МӨРДТҮГЭЙ
- БИДНИЙ ДОТООД СЭТГЭЛИЙН МӨН ЧАНАР ИЙН ИЛЭРВЭЙ.
ӨӨРӨӨСӨӨ ХОЛДУУЛЛАА Ч ӨРӨӨЛИЙН ХОГ МӨН АДИЛ ИРНЭ
НИЙЛЭЭД НИЙТЭЭРЭЭ АГААРЫН БОЛООД ХӨРСНИЙ БОХИРДОЛ ЗАЛГИМУЙ.
ЭЛСЭН ЦӨЛИЙГ БИД ГОВЬ ГЭЖ ОЙЛГОДОГ Ч ӨНӨӨДӨР ТАРХИНЫХАА ЦӨЛЖИЛТИЙГ СААРУУЛЖ, МАРГААШИЙН ЭРҮҮЛ БАЙГАЛИЙГ БҮТЭЭХСЭН
БАЙГАЛЬ ЭЭЖИЙДЭЭ МОД ТАРЬЖ ҮРСИЙГ НЬ ТЭТГЭЕ
ТАРХИНДАА ОЮУНЫ МОД ТАРЬЖ, ҮЙЛСЭЭ ЦЭГЦЛЭЕ
БИ САЙХАН СЭТГЭЛТЭЙ НАЙЗУУДААРАА БАЯН ХҮН
\ орчуулагч, япон хэлний багш Бүжинлхам гол хэсэгт, мөн тайлбарлагч наадгай тоглуулагч Гэрэл миний хайртай дүү Монголоо гэсэн сэтгэлтэй, их авъяаслаг залуу дуучин хөгжимчин гээд нэрлэх магтаал олоон. \
Monday, October 17, 2011
Хүний сайхан сэтгэл рүү "ус цацсан" хүүхдүүд
2011 оны 3 дугаар сар
Тэнгэрлиг аяныхны хувьд энэ сар их эрч хүч, буян түгээсэн өдрүүдээр үргэлжилж байлаа.
Эмэгтэйчүүдийн хориход ажилласнаас хойш хорих ангийн талаарх эмзэглэл маань энэ хүүхдийн хорих руу сэтгэл чангаасийм. Тийм ээ өөрөөсөө их гэрэл гэгээ, сайн сайхныг түгээж тэр хэрээрээ тэнхээгээ өргөх ээж хүн хорих ангид ямархан "хөлдүү" байгааг харсан би вээр хүүхдүүддээ урам, итгэл, сэтгэлийн тэнхээ хайрлахаар Монгол Улсын шинэхэн Гавъяат Бундмаа, Япон улсад тулааны урлагаар хичээллэдэг тамирчин Болороо гээд аяныхаа бүхий л гишүүдтэй зорилгоо нэгтгэн очсон. Хүүхдүүд үнэхээр хэр хэрэндээ эрх чөлөөг эдэлж дуулж хуурдан, бүр тамирчин эгч нартайгаа гар барилдаанаар хүч үзсээн. Бид ямар их урам зоригтой тэндээс гарлаадаа. Хэдхэн сарын дараа нөгөө цовоо сэргэлэн хүүгийн нэр хүүхдийн хорихоос оргосон хоригдлуудын нэрэн дунд сонсогдлоо. Сэтгэл жаахан тавгүйрхэж, ажлаасаа халагдсан хурандаа эмэгтэйг хайрлах өрөвдөх, харуусах зэрэгцэн гомдол биежлээ. Би өөрийгөө өрөөл нэгэнд гомдохгүй байх сэтгэлийн тэнхээгээр дандаа тэжээж гэгээн амьдрахыг хүсдэг ч, өөрийн эрхгүй гомдол бас харуусал төрж байна. Яагаад... гэвэл... Хүүхдийн хориход даргаар очсон Шинэхэн хурандаа Оюун гэж "Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой" амьдралын нас хижээл байлаа ч хийж бүтээхийн сэтгэл нь шижигнэсэн хорин тавт шиг л оргилж гялалзаж байх шиг санагдсан. Хоригдол ч гэлээ энэ чинь хүн шүү, дээ тэр дундаа жинхэнэ амьдарлыг яаж харахаа мэдэхгүй гэрэл гэгээг тэмтчин яваа хүүхдүүд шүү дээ хэмээн эх хүний сэтгэлийг бага багаар ургуулж, амьдрах байрыг нь тав тухтай болгохын дээр ажил хийж сургах, боловсрол эзэмшихэд нь дэм болох гэж их л хичээсэн тэр хүний сэтгэлийг хүүхдүүд буруу харж, эсвэл тэдэнд хөөрхий зохисонгүй, мөн буянтны буяныг дааж, хайрыг нь шингээгээгүйд миний өр нимгэн сэтгэл гомдож байна. Бас бидний олон нөхдийн сэтгэл уруу ус цацлаа. Японд байгаа Болороо эгч чинь лав та нарыг сонсоод ямархан их урам эрч хүчээ гээсэн бол.....Мөн гавъяат Бундмаа эгч чинь ч гэсэн ямархан сэтгэлийн гэрлээр гундсан бол......Та нарт итгэсэн энэ олон залуусын, та нарт тав тухыг бэлэглэж халуун сэтгэлээрээ дулаан хувцас илгээсэн тэр олон ээжүүдийн, Монголынхоо сор нь болсон гавъяатай тамирчин эгч нарынхаа тэр их хүчийг та нар унагаж сайхан сэтгэл рүү нь ус цацлаа. "Баас хатавч өмхийгөө тавихгүй" гэдэг үгийг заавал нэг талд нь туйлширахад, "сурсан занг сураар боож болдоггүй" хэмээн амьтны аманд багтаж, амьдралын гэрэл гэгээ, итгэл найдварыг та нар өөрсдийн гараар унтраалаа. "Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг". Мундаг боловсролтой, хөрөнгөлөг, хүч чадалтай байх нь чухал биш ээ. Амьдрал зөв хүнийг л харж, дэмждэг шигээ бас зөв сэтгэлийг эрчилж, урам хүч хайрладгийм. Хүүхдүүдээс минь ялгаагүй та нарыг одоо хэр нь өрөвдөж байна. Гэхдээ та нараас илүү ээж аавд чинь гомдоллож байна.
Амьддаа л бие биенээ хайрла
Алив сайхнаа бусдаас битгий харамла....
Алдхан биеэ завь хэмээн итгэж
Агуу амьдралын далайг гэтэлмүй...
Хүүхдүүд алдсан байж болноо, тэдний алдаа бидний муугийнх гэж өөрсдийгөө шүүмжлэе. дахиж алдахаас нь урьдчилан сэргийлж, итгэлээр тордон хайраа асгаач Томчуудаа...
Ирээдүйгээ хүйтэн хананы цаана биш цагаан өргөөний гал голомтдоо хүмүүжүүлцгээе.
Миний хөөрхөн дүү урлагт хөл тавьлаа
Thursday, October 13, 2011
Миний хайрын гэгээхэн минь
Хайрын ариун бурхан
Дурлалын гэгээн сүмд
Дуу исгэн амилдаг
Өөрийн гэх юмгүй
Үдлээд буцахын тавиланд
Өмөөрөн харамлахын санаа
Үдийн нар шиг манддаг аа
Амьнаас ч илүү үнэтэй
Эх орон минь
Агаар шиг минь үнэтэй
Их хайр минь
Нууцхан хайрын эзэн байлаа гээд
Би бөхийхгүй ээ
Нулимж хүмүүс муу хэлсэн ч
Би тоохгүй ээ
Учирсан хайраа улам хайрлана
Ургах наран шиг улам гэрэлтэнэ
Учир нь би тандаа л хайртай
Сэм сэмхэн санаа алдлаа ч
Би гундахгүй ээ
Сэмлэх үгийг хүмүүс шиддэг ч
Би тоохгүй ээ
Бадамлянхуа шиг улам дэлгэрнэ
Баяр баяслыг улам түгээнэ
Бахархаж би тандаа л хайртай
Үе үехэн гуниг мэдэрдэг ч
Би автахгүй ээ
Үглэж найзууд саарыг хэлдэг ч
Би тоохгүй ээ
Ухаарлын дээдийг улам тэлнэ
Уярлын дууг улам хөглөнөө
Бурханы бэлэг тандаа би хайртай
Аяар аяар мэгшил төрдөг ч
Би уйлахгүй ээ
Амны зоргоор мууг нэрэгчдийг
Би тоохгүй ээ
Аз жаргалыг улам тэтгэнэ
Амьдарлын үнэнийг улам хүндэлнэ
Амраг минь би тандаа л хайртай
Нууц амраг байлаа гээд
Би гомдохгүй ээ
Нулимж намайг муу хэлсэн ч
Би тоохгүй ээ
Тоож ирсэн хайраа улам тордоно
Туушдаа би тандаа л хайртай
Би танд хайртайнхаа төлөө
Бие сэтгэлийнхээ шуналыг нэрэхгүй
Бэтгэрэх нэгэн өтгийг зайлуулж
Бэлчээрлэх их гэгээрэлд тэмүүлнэ
Та минь миний хайрын цэлмэг тэнгэр
Тандаа би чинь манддаг наран
Та минь миний хайрын цэнгэг тэнгис
Тандаа би чинь амьдардаг загас
Та минь миний хайрын бурхан
Танд би чинь шүтдэг хайр
Ганцхан чинийхээ л дэргэд
Би бардам зангаа гээж
Ганцхан чинийхээ л дэргэд
Би өөрийнхөөрөө оршдог
Ганцхан чинийхээ л дэргэд
Би баг хүлээсээ тайлж
Ганцхан чинийхээ л дэргэд
Би эрх дураараа аашилдаг
Ганцхан чинийхээ л дэргэд
Би бараан орчлонг мартаж
Ганцхан чинийхээ л дэргэд
Би баяр жаргалаар урсдаг
Ганцхан чинийхээ л дэргэд.....би
Sunday, October 2, 2011
Удмын тахилгатай хайрханаа Ураг төрлөөрөө дээдэлмүй
2011 оны 8 сарын эхний өдрүүд
Нар хур тэгширсэн нутгийн минь зун эгээ л бяцхан үрээ хөхүүлэх мэт нар нь илчээрээ хүлхэж, талаа умдаалах гол ус нь намуухнаар мишээн угтаж, агаарын цэнгэгт сэтгэлийн хөг сэргэн ундарнам.
Ахан дүүсийн хэлхээ аав ээжийн нэгэн зорилгын дор нэгдэж, өвөг дээдсээс уламжлалтай удмын тахилгат хайрханаа тахин хүндэтгэх ёслолын өдөр ийн эхэлвэй. Уулзаагүй хол ойрын хамаатнууд нүдэндээ няламс нуурлуулж, хамрын самсаа шархиран тэврэлдэнэ.
Өврийн хангайн охин би вээр энэ нутгийн эс эд нь болсондоо талархаад баршгүй.
Ээжийн талын ах дүүс өрх гэрээрээ сэтгэлээ хурааж эл буяныг дэвжээж, Баянголчуудын сэтгэлийн хойморт түүдэг асаалаа. Хураа хайрлах тэнгэр биднийг ямагт сонсож байдагт гялайлаа. Байгаль эх хүн чанарын дээдийг тэр дундаа байгалийн үр садыг хайрлагч охид хөвүүдээ мэдэрдэг ажээ. "Монгол Улсын Арслан" монголын зон олноо Дэрэн бор хэмээн алдаршсан өвөг ийн маань төрж өссөн газар нь энэ Баянгол сум буюу.
Монголын хийморь лундааг сэргээгч, жинхэнэ ясны бөх асан өвөөгийнхөө дэргэд амьдарсан миний аз хийморь бас өөдөө.
Энэ ажлыг өдгөө арав дах жилдээ хүртэл буцаж няцахгүйгээр тэмдэглэн хийж ирсэн нагац ах Цогтбаатардаа хамгийн сайн сайхныг нийт төрөл төрөгсдийнхөө өмнөөс илгээж байна. Таны минь цог золбоо үр ачдаа үлдэн дэлгэрэгээ.
Wednesday, September 21, 2011
Тамирчин Анхаа
2011 оны 09 сарын 8,9 нд Багануур хотноо Нийслэлээс зохион байгуулсан "Хангарьд" спорт өдөрлөгт Сүхбаатар дүүргийнхэнтэйгээ явлаа. Гар бөмбөг тоглох дурнаас цаашгүй би ихэнхдээ бусдын тоглохыг харж алга ташилтаар дэмжиж суулаа. Энд миний хувьд тэмцээн чухал байсангүй хамт олны оролцоо л чухал байсан. Бас нутгийн сайхан байгалийн сайханд сэтгэл баясаж, хотын өндөр, эв хавгүй, эмх цэгцгүй байшингуудад түгжигдсэн нүднийхээ салхивчийг нээх шиг л санагдсан. Бас газар нутгийн байршил, засаг захиргааны хуваарилалт биш байлаа. Хоёр өдрийг эрч хүчтэй, хөгжилтэй өнгөрөөсөн бивээр тэндхийн хилийн цэргийн ангиар айлчлах хувь тохиож билээ. Цэргүүд их өрөвдөлтэй харагдсаан. Тэр өрөвдлийг хувцасны сүр төрүүлээд байх шиг ээ.
Хотоосоо холгүй орших ахмадын амралтанд очлоо. Үнэхээр ахмадуудын амралт юмаа. Их сайхан байгаль,
..... Хэрлэнгийн хөвөөнд мэлмий амарч, тархи жаргалааааааа......................................Маргааш нь болсон буухиа тэмцээнд миний бие ундаа уугаад лаазыг нь тогтоох байлаа. Давгүй шүү.
Энд амжилттай, зохион байгуулалттай оролцсон дүүргүүдээ харахад сайхан байсан ч бяцхан атаархал төрснийг нуух юун. Нээрэн усан оргилуурын нээлт их гоё, өнгө өнгийн гэрэл цацраахын дээр янз бүрийн хэлбэрээр оргилж байгаа нь уг нь хотын өнгө төрх болж чадсан байсаан. Багануур их сайхан хот юм билээ. Илүү, илүү хөгжил Багануурчуудаас хамаарна шүү Багануурчуудаа бас нийслэлчүүдээ.... түр баяртай
Thursday, July 21, 2011
Tuesday, July 19, 2011
38 тай хайр
ххх
Дурлалын дарсанд юу юугүй шунаж
Дуун амраглалд хөлчүүрхэн алхлана
Хүний заяа уйтгар гунигийг мартаж
Хайр дарс хоёроор баяраа мялааж амьдарнам
ххх
Тэнгэрийн үүл шиг эвлээгүй
Тэнэгхэн дурлал минь төөрсөн ч
Тэнхлүүн сэхүүнд үргээлгүй
Тэвэрч хамтдаа хайрланам
ххх
Дурлалаас уйдсан хүнд
Зүрхний эгшиг солгойрно шүү
Дуунаас зугтсан амьдралд
Заяах хайр хомсдоно шүү
ххх
Хайр минь би чамайг
Харанхуйн гүнээс таньж
Халуун дулаан илчээрээ
Хамгийн дундаас олсоон
ххх
Хүний нэрэнд өнгөрүүлсэн
Цаг хугацаа амьгүй
Хүйтэн хайранд өнжсөн
Цагаан сэтгэл ч амтгүй
ххх
Ганцаараа би л, зөвхөн би л хэлж чадах\
Өөр хэн ч хэлж үл зүрхлэх
Гарцаагүй үнэнийг, үйлийн тэр явдлыг
Гажааж би чадсангүй дээ
ххх
Торгоны хээ шиг эвлээгүй
Томоогүй хайр минь баяртай
Тоостын хөрсөнд ургаагүй
Тодхон өнгө минь баяртай
ххх
Дуулим хорвоод амьдарч яваа чинь үнэн бол
Дурлал дарс хоёрыг гутаан зүхвэл гуниг
Үйзэн сартай шөнийг эдлээд өнгөрөхөөс хойш
Үнсэлт тэврэлт хоёрыг тээршаан түлхвэл харамсал
Мөнгөн ододтой үдшийг орхиод одохоос хойш
Мөнхрөх эсэхдээ эргэлзэж, алхамаа хянах тэнэглэл
Мөрөөдөл хүслийн дарсныг амтлаад л өнгөрөхөөс хойш
Мунхаг харанхуйн ёроолд даарч суух гаслантай
Мөнгө долларын дэвсгэр дээр
Мөнхөд хөрвөөж чадахгүйгээс хойш
Нимгэн гэрэлт царайдаа
Нинжин сэтгэл ургуулаасай
Эрх мэдлийн тулаан дээр
Үүрдийн бай үгүй хойно
Энгэр цээжнийхээ цаана
Өр зөөлнийг тариасай билээ
ххх
дурлалын гоо үзэсгэлэн жигдэрчээ хайрт минь
дурсах жаргал их ч санах бүр уйтгартай
хайрлах сэтгэл их ч хажууд биш нь гуниг
халамжлах зүрх цохилох ч уулзахгүй бол харуусал
ххх
дураараа ширтэх эрх чөлөөнд би хайртай
дутуу орхисон жаргалаа эдэлж
дуугуй бас дуутайхан шивнэлдээд
дураараа ширтэх дурлалд би хайртай
дураараа эрхлэх эрх чөлөөнд би хайртай
дуусгаж амжаагүй бүхнээ орхиод
дуулим талын амьдралыг амрааж
дураараа эрхлэх үнсэлтэд би хайртай
дураар наадах жаргалд би хайртай
дугариг алаг нүдийг тань сонсоод
дуу гуниг хоёрыг хамтад нь ундлаад
дураар наадах жаргалд би хайртай
дураар үнсэх уруулд би хайртай
далайн давалгаа биеэр минь халгих мэт
дэрвийн эрвэгнэх салхин амттай
дураар үнсэх уруулд би хайртай
зоргоор учирсан чамдаа би хайртай
золтой орчлонгийн нэгээхэн зайд
чин зүрхээ чимээгүйхэн мэгшээх
зоргоор дурласан чамдаа би хайртай
дураараа дурласан чамдаа би хайртай
дуутай тэнгэрийн уйлагнах бороо шиг
нялхарсан биесийн энхрийхэн дуслууд
үүлэн зардасын утга төгөлдрийг
үйлийн заяанд учруулан хэлхсэн
дураараа дурласан чамдаа би хайртай
ххх
Учрах л гэж гучин зургаан намрыг би үджээ
Уулзах л гэж гуниг баярыг хослуулан
Уй, дуу хоёроор гэгэлгэн бодлыг аргадаж
Уясал гэгээрэл хоёроор хайрын ордноо эгшиглэжээ
Дурлалын ариун сүмд мөргөл үйлдэх бүсгүй
Дуртмал цээжнээ нялхамсах мөнгөн шүүдрийг
Далайн гүнд гялалзах сувд эрдэнийн адил
Даамай хайрын эрлээр түүж нэг аргадлаа
Хайрлах л гэж гучин зургаан өвлийг би
Харанхуйн ододтой, бас сартай үджээ
Хайлган сэтгэлийн үр жиндэхийг үргээн
Хал хат хоёроор амрагийн ордноо ургажээ
Дурлалын ариун сүмд мөргөл үйлдэх бүсгүй
Дуртмал цээжнээ нялхамсах мөнгөн цасханыг
Далайн гүнээс ховсдох сувд эрдэнийн адил
Даамай хайрын бурхан эрлээ нэг олжээ
Амраглах л гэж гучин зургаан хаврыг би үджээ
Алжаал, амжилтыг сэлж, сэргээн
Аалийн зөөлнөөр тавилангийн сүүдрийг цэлмээн
Амт өнгө хоёроор амьдралын хойморт морилжээ
Дурлалын ариун сүмд мөргөл үйлдэх бүсгүй
Дуртмал цээжнээ нялхамсах мөнгөн цэцгийг
Далайн гүнээс ховсдох сувд эрдэнийн адил
Даамай хайрын бурхан эрлээ ийн олжээ
Санах л гэж гучин зургаан зуныг би үджээ
Салаа замын уулзвар дах гэгээн сүмийг харж
Сайн сайхны үүдэнд харц харцаа таньж
Санах, хүсэх хоёроор амьдралын ордонд учиржээ
Дурлалын ариун сүмд хайр урлах бүсгүй
Дуртмал цээжнээ нялхамсах сүүн энгэрийг
Далайн гүнд цэнхэртэх тэнгэрийн үүлнээс
Даамай хайрын хураар усалж нэг ундаллаа
ххх
Амар амгалангийн дээд баяр баясал минь
Амьдруулж бас үхүүлж чадах их хайр минь
Санах мартахын амтыг жүнзтэй архинд юүлж
Сэрэх сэтгэхийн ухаанаар орчлонгоос нэг салахсан
ххх
Уулзахгүй байхын аргагүй зам дээр уулзсан даа амраг минь
Учрахгүй байхын аргагүй тавилан дээр учирсан даа хонгор минь
Үгүйлэхгүй байхын аргагүй хүний заяанд хайр минь
Үнэрлэхгүй байхын аргагүй эрийн дээд хийморь минь
Хайрлахгүй гээд яанам
Хагсрах сэтгэл зүдрэнэ
Хүлээхгүй гээд яанам
Хүрэн зүрх зогсчихно
ххх
Жолоогүй их хүслийн давалгаанд
Журам дүрэм юуны хамаатай
Жор хэрэггүй хайрын солиоролд
Жудаг чанар юуны хамаатай
ххх
Хонгор залуу минь
Хөхөхвчийг минь тайл
Хорвоод ганцхан чинийх гэдгээ
Халуухан сэтгэлдээ мэдрэхийг би хүснэ
ЗӨВХӨН ЧИНИЙХ Л ГЭДГЭЭ МЭДЭРЧ
Зүв зүв зүгээр амьдрахыг би хүснэ
Зөв үйл, зөөлөн үг тарьж
Зөрөг замаар алхалхыг би хүснэ
Жирмийн сүлжээ гэзгээ асгаж
Жин үдийн нарантай мандаж
Жаргах заяагаа биесдээ амталж
Жаахан үр шиг наялхархыг хүснэ
Tuesday, July 5, 2011
38 тай хайр
Дурлал бүхэн анхных байдаг, хайр бүхэн шинэхэн байдаг.
Яг л гэнэнхэн охин шиг би
Уулзангуутай дурлаж
Яг л жаахаан охин шиг
Уруул дэвсэн эрхэлсэн
Хэн нэгнийг хардсан
Харц надаас зугтаж
Хэн нэгэнд гоморхсон
Хар надаас дайжсан
38 тай анхны дурлал минь
Гунхсан навчис шиг уйтай ч
Тэнгэрийн хурын шаагих бороо
Тэнгис давалгаалах адил хүчтэй
Яг л гэнэнхэн хүүхэд шиг
Нүгэл үргээсэн цагаан зам
Нүүдэл сэлгэсэн хайрын буурь
Зөвхөн чинийх байхын төлөө
Зочилсан хайраа дайлж аргадана
Замын түгжрээ, зандрах муу үг
Зальжин яриа, залхаг үйл
Зуйварган бүхнээс салж мартаад
Зөвхөн чи бидэн л амьдрах
Чимхийн төдий орчлон байсан ч яахав
Чиний л төлөө амьдрах хайр цуцашгүй
Дурлалын бурхан минь тавтай морил
Дуун амраглалд минь эрхэлж амар
38 тай шинэхэн дурлалд минь
Гунигаа үргэтэл зугаалан цэнгэ
Зовлон хэрвээ амтгүйсэн бол
Жаргалын зам бүү татуул
Зориг хэрвээ амьгүйсэн бол
Хайрын баланд согтоно гэжүү
Сэтгэлийн тайтгарал минь
Сэлж хайсан эрдэнэ минь
Зоригтой, ухаантай, бас тэвчээртэй
Хайрлахгүй байхын аргагүй
Ханхүү минь, 38 тай хайр минь
Шувуу биш ч нисэх далавч хайрлаж ээ
Шуналт их зоригийг ч бас бүтээжээ.
Өдөр бүрийг шинээр угтаж, өөдрөг бүхнийг шинэчлэн тордож, сэтгэлээрээ шив шинэ баймааж, дурлал минь шив шинэхэн оршном.
Торгон талд тормойн ургасан нэгэн сайхан цэцгийг тасдаад авах адил чи минь миний хайрыг зөвшөөрөлгүй авсан шиг би чамайгаа чамаас асуулгүйгээр хайрлана. Зөвхөн чинийх байхын төлөө өнгөжин дэлгэрэх цэцгийг чи минь услаарай. Бас нар хур хэрэгтэй шүү хайрт Амараа минь.
Чамгүйгээр туулж өнгөрүүлсэн он жилийг би нөхөхийн тулд,
чамтай өнгөрүүлэх он жилүүдийг би бөөцийлөн тордож хайрлаж, зөвхөн чамаараа амьсгалж амьдарнаа. Энэ миний ертөнцөөс хагацахын өмнөх огшил буюу.