Pages

Thursday, October 13, 2011

Миний хайрын гэгээхэн минь

Хэнд ч хаяглаж ирдэггүй
Хайрын ариун бурхан
Дурлалын гэгээн сүмд
Дуу исгэн амилдаг
Өөрийн гэх юмгүй
Үдлээд буцахын тавиланд
Өмөөрөн харамлахын санаа
Үдийн нар шиг манддаг аа


Амьнаас ч илүү үнэтэй
Эх орон минь
Агаар шиг минь үнэтэй
Их хайр минь

Нууцхан хайрын эзэн байлаа гээд
Би бөхийхгүй ээ
Нулимж хүмүүс муу хэлсэн ч
Би тоохгүй ээ
Учирсан хайраа улам хайрлана
Ургах наран шиг улам гэрэлтэнэ
Учир нь би тандаа л хайртай


Сэм сэмхэн санаа алдлаа ч
Би гундахгүй ээ
Сэмлэх үгийг хүмүүс шиддэг ч
Би тоохгүй ээ
Бадамлянхуа шиг улам дэлгэрнэ
Баяр баяслыг улам түгээнэ
Бахархаж би тандаа л хайртай

Үе үехэн гуниг мэдэрдэг ч
Би автахгүй ээ
Үглэж найзууд саарыг хэлдэг ч
Би тоохгүй ээ
Ухаарлын дээдийг улам тэлнэ
Уярлын дууг улам хөглөнөө
Бурханы бэлэг тандаа би хайртай

Аяар аяар мэгшил төрдөг ч
Би уйлахгүй ээ
Амны зоргоор мууг нэрэгчдийг
Би тоохгүй ээ
Аз жаргалыг улам тэтгэнэ
Амьдарлын үнэнийг улам хүндэлнэ
Амраг минь би тандаа л хайртай

Нууц амраг байлаа гээд
Би гомдохгүй ээ
Нулимж намайг муу хэлсэн ч
Би тоохгүй ээ
Тоож ирсэн хайраа улам тордоно
Туушдаа би тандаа л хайртай

Би танд хайртайнхаа төлөө
Бие сэтгэлийнхээ шуналыг нэрэхгүй
Бэтгэрэх нэгэн өтгийг зайлуулж
Бэлчээрлэх их гэгээрэлд тэмүүлнэ

Та минь миний хайрын цэлмэг тэнгэр
Тандаа би чинь манддаг наран
Та минь миний хайрын цэнгэг тэнгис
Тандаа би чинь амьдардаг загас
Та минь миний хайрын бурхан
Танд би чинь шүтдэг хайр


Ганцхан чинийхээ л дэргэд
Би бардам зангаа гээж
Ганцхан чинийхээ л дэргэд
Би өөрийнхөөрөө оршдог
Ганцхан чинийхээ л дэргэд
Би баг хүлээсээ тайлж
Ганцхан чинийхээ л дэргэд
Би эрх дураараа аашилдаг
Ганцхан чинийхээ л дэргэд
Би бараан орчлонг мартаж
Ганцхан чинийхээ л дэргэд
Би баяр жаргалаар урсдаг
Ганцхан чинийхээ л дэргэд.....би

No comments:

Post a Comment