Pages

Wednesday, June 9, 2010

МИНИЙ АРДЧИЛСАН ҮЗЭЛ УЛС ТӨРД ХОРГООСООР...

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖООС
2008 ОНЫ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ БАТЛАМЖ БИЧГЭЭ ГАРДАН АВЧ БАЙГАА НЬ: 2007 ОН


Би багаасаа л сургууль, олон нийтийн ажилд идэвхитэй, аливаа юм бүхэнд л өөрийгөө сорьж оролцсон, хичээлдээ ч шаггүй сайн сурдаг, багийн л их нээлттэй, хөвгүүдтэй нийлж охидоороо тоглосон, бас барилдсан сахилгагүй нэгэн байлаа. Ангийнхаа даргаар олон жил ажилласан болоод ч тэр үү нийгмийн аливаа олон нийтийн цугларалт уулзалтад заавал оролцож, ангийнхнаа манлайлан зарим нэгийг "уруу татаж" аав ээжид нь хүртэл загнуулаад явж байсан Ардчилагч зан багад минь л надад явдаг байж. Үүнийг би "Хужирт" рашаан сувиллын жуулчны баазуудын дундах ажилчдын байранд өсч өндийсөнтэйгээ холбон ойлгодог. Мэдээж орчны нөлөө байсан байх л даа.
Цэцэрлэгийн ахлах бүлэгт байхын л амралтын ажилчдын хүүхдүүдтэй "Бохь есть" хэмээн цагаан бохьны төлөө "жаахаан бор гараа тосч" орос монгол хольсон үгээр бохь гуйдаг байсан балчирхан охин анх наймдугаар ангидаа Ардчилсан хувьсгалын цуглаанд багш нартаа хөөгдөн, замбараагүй, хүмүүжилгүйгээрээ дуудуулан загнуулж явахдаа л "сурагчийн ширээний" ард шударга ёсоор "цангаж" түүгээр амьсгалхын төлөө багш нартайгаа үг сөрөн захирлын өрөөнд дуудуулж байсан бүхэн саяхан мэт...
... Үзэл бодлоо тархиндаа боловсруулан сэтгэлдээ тээсээр \хотод оюутан байхдаа\ 1996 онд МҮАН гээчид намын гишүүнээр элсч байлаа. Одоо хэр нь энэ намын төлөө амьдрал, ажил мэргэжил, хөдөлмөрөө зориулж яваа. Гэхдээ миний намд сайхан муухай гэгч голын цэвэр, бохир урсгал шиг л хослон юүлэгдэж байна. Талцаж төрөлсөх яахав ээ байх үедээ байг. Харин түүнийг цаашлуулан туйлшрах аюул тахал мэт тархаж байгаа нь харамсалтай бас аймаар. Манай намд цус ойртох өвчлөл даамжраад, даргад бөхөлзөх "социализмын бялдуучлал" үржин төлжсөөр байгаад сэтгэл жаахан тиймхэн байна. Гэхдээ "сэгсгэр ч гэсэн ээж минь сиймхий ч гэсэн гэр минь" гэж мундаг Монгол ухаан байна даа. Би л энэ цус ойртолтыг сийрүүлж, ухаан, сэтгэл, хүсэл мөрөөдөл, хүч хөдөлмөр, итгэл үнэмшлээрээ цэвэршүүлнэ гэж боддог. Бас яагаад ч юм бэ надаар нам маань дутах юм шиг санагдаж хатуу үг, хахир харц, хүйтэн сэтгэлийн жинг үргээхийг хичээнэ. Амьдрал өөрөө энэ шүү дээ. Арга билиг гэж хүмүүс өөгшүүлээд байгаагаас биш өөрсдөө шударга байж, улс орныг хөгжүүлэхийн биш үү.... Шударга байна аа гэдэг чинь туйлшрахгүй байхыг хэлдгийн биш үү. Харин туйлширна гэдэг чинь харыг хар гэж, цагааныг цагаан гэж шууд улайрахыг хэлдэг гэж боддог шүү.
Найзууд маань намайг дээрх шударга байхын тухайд хэтрээд байна"тэнэг" минь гэж зэмлэдэг. Яагаад гээч... Би Ардчиллыг өмчилж, дөрвөлжин байшинд тансаг гэгч ЖАРГААД, дөрвөн дугуйтаар ямбалж явсангүй ээ гэж... Манайх өнөөдөр гэр хороололд. Гэхдээ би гэр хороололд амьдарч байгаагаасаа ичдэггүй. Харин гэр хорооллыг муухай харагдуулагч тэндхийн ухамсаргүй оршин суугчдаас л ичдэг. Монгол эх орноо өнөөдрийн бидэнд бүтэн үлдээхийн төлөө амиа огоорон цуст тулаанд тэмцэж байлдаж явсан өвөө, өндөр өндөр барилгуудыг сүндэрлүүлэн босгосон зоригтой, барилгачин эмээгийнхээ хамт амьдарч хүн болсон жаахан бор гэрээ хэзээ ч би муухай гэж гоочилж түүнийг хураагаад ямар нэг "хүн биш" явдлаар хэн нэгний карманд орохыг хүсээгүйдээ өнөөдөр би тэнэгээрээ дуудуулдаг. Өөртөө таалагдсан "тэнэг" байх гоё шүү доо.
Нийгэм хэтэрхий хийсвэр, хялбархан зүйлсээр өнгөцхөн хөгжилд хөвж яваа ч Монгол монголоороо байж гэмээнэ дэлхийд өөрийн данстай үлдэж, тэр хэрээрээ дэлхийг аварна гэдэгт би ямагт итгэдэг. Үүнийхээ төлөө цаг хором бүхэнтэй уралдаж Монгол ухаан, зан үйлийг нэг ч гэсэн хүнд ухуулахыг хичээн сэтгэлээ чилээн ажиллаж байгаа. Ардчилал жинхэнэ утгаараа манай улсад шингэж, хүмүүс тархиа хөгжүүлж, сэтгэлээ нээгээсэй гэж хүснэ. Ямартай ч бараантсан үүл нүүлээ, урт хугацаагаар аюулгүй, сэтгэлийн түгшүүргүй амьдрахад миний сэтгэл гэгээрэх нь чухал.....
баярлалаа.

No comments:

Post a Comment