Pages

Tuesday, July 5, 2011

38 тай хайр

Би амьдралаас, анд найзуудаасаа, ер нь хэн нэгнээс сайхныг нь олж харж, сайныг нь магтан урамшуулахыг хичээж тэр хэрээрээ аз жаргал, баяр баяслыг мэдэрдэг. Хүмүүс ганцаардахаас айдаг юм шиг санагддаг. Харин би эсрэгээрээ ганцаардвал эрх чөлөөг, бас өөрийгөө илүү их мэдэрч, монгол цусаар лугшиж яваадаа омогшидог. Надад цаг хугацаа анд минь болж, шүлэг сархад хоёроор сэтгэлээ мялааж, аав ээждээ эрхэлсэн гэнэнхэн охин хэвээр хааяадаа хүүдээ эрхэлж, дүү нартайгаа дүүмэдхэн анд нь байсаар 38 настай золгох гэж байна. Амьдрал ямар их баяныг хувьдаа сар жил, өдөр бүрээр харж, амталж, бас баярлаж, бахархаж, сэтгэлийн торгон агшнаа зураглан явна. Үгийн сайхнаар андыгаа өргөж, үйлийн сайнаар амьдралаа тэтгэх ухаан надад цуцаж няцахгүйгээр ямагт төрж байдагтаа би гэгээн оршном. Уудам тал дунд зогсоод "Амьдрал минь чамдаа би хайртай" гэж хашгиран, бүсгүйн хоолойгоор уул тал, ус нутгийнхаа хийморийг сэргээж, цэцэгсийн хамтаар баясах дуртай. Надад бялхаж асгасан сэтгэлийн их өмөөрөл, сэтгэлийн их гэгээ байна. Эх орныхоо сайхныг бахдан, хайрлах тусам муу хүмүүсээс өмөөрөн харамлах харамсал ямар их төрдөг гээ. Энэ бүгд миний асгарсан их хайр юм. Тийм ээ энэ бүхнийг маань улам өнгөлж, намайг хурцлан, эрч хүч хайрласан миний хайр надад ирж, би өөрийн эрж хайж явсан эрдэнээ олсон. Анхаагийн 37 нас аз жаргалаар бялхаж хайрын оргил дээр амьдралын жинхэнэ амтыг мэдэрч байна. Би даарч байсан ч даарахгүй тийм их халуун сэтгэл дунд ирсэндээ хүн байх тэр дундаа бүсгүй заяанд төрнө гэдгийн утгыг илүү ихээр ойлгосон. Эмэгтэй хүн байхын утга нь хүнийг асар их хайранд умбуулах, бас тэвчих.Дурлалтайгаа учирсан, их хайраа би "38 тай шинэхэн дурлал" гэж нэрлэе.
Дурлал бүхэн анхных байдаг, хайр бүхэн шинэхэн байдаг.

Яг л гэнэнхэн охин шиг би
Уулзангуутай дурлаж
Яг л жаахаан охин шиг
Уруул дэвсэн эрхэлсэн
Хэн нэгнийг хардсан
Харц надаас зугтаж
Хэн нэгэнд гоморхсон
Хар надаас дайжсан
38 тай анхны дурлал минь
Гунхсан навчис шиг уйтай ч
Тэнгэрийн хурын шаагих бороо
Тэнгис давалгаалах адил хүчтэй
Яг л гэнэнхэн хүүхэд шиг
Нүгэл үргээсэн цагаан зам
Нүүдэл сэлгэсэн хайрын буурь
Зөвхөн чинийх байхын төлөө
Зочилсан хайраа дайлж аргадана
Замын түгжрээ, зандрах муу үг
Зальжин яриа, залхаг үйл
Зуйварган бүхнээс салж мартаад
Зөвхөн чи бидэн л амьдрах
Чимхийн төдий орчлон байсан ч яахав
Чиний л төлөө амьдрах хайр цуцашгүй
Дурлалын бурхан минь тавтай морил
Дуун амраглалд минь эрхэлж амар
38 тай шинэхэн дурлалд минь
Гунигаа үргэтэл зугаалан цэнгэ
Зовлон хэрвээ амтгүйсэн бол
Жаргалын зам бүү татуул
Зориг хэрвээ амьгүйсэн бол
Хайрын баланд согтоно гэжүү
Сэтгэлийн тайтгарал минь
Сэлж хайсан эрдэнэ минь
Зоригтой, ухаантай, бас тэвчээртэй
Хайрлахгүй байхын аргагүй
Ханхүү минь, 38 тай хайр минь
Шувуу биш ч нисэх далавч хайрлаж ээ
Шуналт их зоригийг ч бас бүтээжээ.
Өдөр бүрийг шинээр угтаж, өөдрөг бүхнийг шинэчлэн тордож, сэтгэлээрээ шив шинэ баймааж, дурлал минь шив шинэхэн оршном.
Торгон талд тормойн ургасан нэгэн сайхан цэцгийг тасдаад авах адил чи минь миний хайрыг зөвшөөрөлгүй авсан шиг би чамайгаа чамаас асуулгүйгээр хайрлана. Зөвхөн чинийх байхын төлөө өнгөжин дэлгэрэх цэцгийг чи минь услаарай. Бас нар хур хэрэгтэй шүү хайрт Амараа минь.
Чамгүйгээр туулж өнгөрүүлсэн он жилийг би нөхөхийн тулд,
чамтай өнгөрүүлэх он жилүүдийг би бөөцийлөн тордож хайрлаж, зөвхөн чамаараа амьсгалж амьдарнаа. Энэ миний ертөнцөөс хагацахын өмнөх огшил буюу.

1 comment:

  1. Анхаа минь ээ, чамд дурлал зохисон байна. Чи дурлахаараа бичдэг, дуулдаг онгодтой юм байна ш дээ.

    ReplyDelete