Pages

Tuesday, March 13, 2012

Дотоод сэтгэлийн гэгээн хуудсууд


БУРХАНЛИГ ГЭГЭЭНТЭЙ НӨГЧСӨНДӨӨ БИ ҮНЭТЭЙ

Хаврын хавсарга намайг тоож

Хацар алгадан салхи нүднэ

Би баярлана

Би баярлахдаа

Дайран өнгөрөх салхин тоосыг

Даах сэтгэлийн борогшуу нь тэр

Салхи баярлана

Зуны халуун намайг тоож

Зулай төөнөн дээрээс жигнэнэ

Би баярлана

Би баярлахдаа

Жигнэн өнгөрөх зуны халуууныг

Жин даах тэвчээр нь тэр

Нар баярлана

Намрын бороо намайг тоож

Намирсан бас ширүүн бороо шаагина

Би баярлана

Би баярлахдаа

Шаагин өнгөрөх ширүүн бороог

Шазуур зуух тэнхээ нь тэр

Бороо баярлана

Өвлийн цасан намайг тоож

Өд мэт хөнгөхөн ч хоромхонд шуурна

Би баярлана

Би баярлахдаа

Шууран өнгөрөх хар хүйтэнг

Шуун үдэх ухаан нь тэр

Өвөл баярлана

Хүний заяатай ч муу санаатны

Хүсэл нь мохоо, хүйтэн үгсээс

Үхэл хүртэл дайжин зугтаж

Үнэн,гэгээнд шүтэн тэмүүлнэ

Би баярлана

Би баярлахдаа

Хийх үйлс, хэлэх үг

Бодох бодол, барих ухаан

Харах харц, хайрлах сэтгэл нь

Далай мэт гүн, цагаан бүхнийг

Үхэл тоох болохоор

Үхэл минь би чамдаа баярлалаа

Зориг, золбоонд минь чи дурлажээ

Үхэл минь би чамдаа баярлалаа

Бурханлиг гэгээнтэй нөгчсөндөө би үнэтэй


ЧАМААСАА УРВАЖ ҮЛ ЧАДНА ИХ ХАЙР МИНЬ...


Өөрөөсөө би урваж үл чадна эх хэл минь

Өрөөлийг сайхан хэмээн шуналтваас, үгс надаас зугтаж

Баян яруу аялгуу дундарч, бусдын соёл надаар даажигнана

Баян ядуу гэлтгүй доог тохуунд өртөж, барууныхан дамшиглана

Би би –гээрээ байж бүсгүйн хөгөөр

Баялаг номын өргөөнөө сэтгэлийн ураа нэмэрлэмүй

Чамаасаа би урваж үл чадна Их хайр минь

Чацархаг гээд хэн нэгэнд дурлаваас, үнэн надаас гутаж

Чин хайрын хөг солгойрч, дурлалын бурхан надаар даажигнана

Чимээгүйхэн бас чимэггүйхэн ёжлуулж ёс бус егөөнд нудруулна

Би би-гээрээ байж, чиний хөгөөр

Чинээлэг дурлалын өргөөнөө ухааны ураа нэмэрлэмүй


БАРДАМХАН СЭТГЭЛИЙН БАДАГ МӨРҮҮД МИНЬ...

Үнэнг надтай л хамт хайж

Үхлийг надтай л хамт угтах

Энэхэн орчлонгийн нэгээхэн давалгааны

Итгэл найдвар минь, инээд баясал минь, яруу үгс минь

Зүдрэлийг надтай л хамт туулж

Зүхлийг надтай л хамт мохоосон

Эгэл бор заяаны ихэмсэг ухааны

Эрч хүч минь, эвхрэшгүй тэвчээр минь, эвлэг шүлэг минь

Дундуурыг надтай л хамт дүүргэж

Доройг надтай л хамт сэргээсэн

Их омогшлын эрэлхэг зоригийн

Бадамласан зул, Бардамхан сэтгэлийн бадаг мөрүүд минь

No comments:

Post a Comment